Засгийн газраас хүнд нөхцөлд орсон ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг хадгалах зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү зээлд жижиг болон бичил бизнес эрхлэгчдийг шударгаар хамруулах нь чухал байгааг бизнес эрхлэгчид онцолж байсан.
Тодруулбал, ЖДҮ эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, монголын баялаг бүтээгч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн саналыг төрд дамжуулан хүргэдэг ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэхдээ “2019 оны эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл, Татварыг өргүй ЖДҮ эрхлэгчид байхгүй. Татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан гэх шаардлагыг тавьбал зээл авч чадах жинхэнэ ЖДҮ эрхлэгч авч чадахгүй. 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэлд татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх шаардлага бодит байдлаас хол давсан шаардлага. Тиймээс шаардлагаа өөрчлөхгүй бол зээл жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй, бичил болон Жижиг бизнес эрхлэгч нарт тохирохгүй” гэж байлаа.
Тэгвэл өнөөдөр /2021.03.09/ Сангийн яам, Монголбанкнаас энэ сарын 10-нд буюу маргаашнаас иргэн, ААН-д олгож эхлэх ажлын байрыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээл болон зээл хүсэгчдэд тавигдах шаардлагыг танилцуулахад:
Иргэнд: 50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгох бол
Аж ахуйн нэгжид тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор боллоо.
Ийнхүү Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Засгийн газар, Монгол банк, Зээлийн батлан даалтын сангуудад хүргүүлсэн шаардлага 100 хувь биелэлээ олж ЖДҮ эрхлэгчдэд олгох ззээлийг түлхүү дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулахаар болж, өмнө тавьсан хатуу шаардлагуудыг хүчингүй болгож зөвхөн НӨАТ төлөгч байхыг шаардлаа. Ингэснээр бичил, жижиг бизнес эрхлэгчид зээл авах бүрэн боломжтой боллоо.