Б.БАТ-ЭРДЭНЭ: ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТУСГАЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

 Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумд ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Энэ форум бол хийсэн ажлаа тайлагнах биш бодлого ярьж, хийх ажлаа хэлэх зорилготой юм. Цаасан дээр бичигдээд үлддэг биш амьдралд биелдэг ажил хэрэгч форум болоосой гэж хүсэж байна. Энэ зорилгын хүрээнд төрийн байгууллагууд бага ярьж, бизнес эрхлэгчид их санал бодлоо хэлж хуралдацгаая. Жижиг, дунд  үйлдвэрлэл эрхлэгчдэд олон бэрхшээл тулгарч байна. Үүнд: 

  • Томоохон бизнес эрхлэгчдийг бодвол хязгаарлагдмал тооны бараа бүтээгдэхүүн зах зээлд худалддаг
  • Холбогдох зах зээл нь газар зүйн хил хязгаарын хувьд жижиг
  • Ихэвчлэн тухайн зах зээлийнхээ хамгийн бага хувийг эзэлдэг
  • Ханган нийлүүлэгч компаниудтай харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй байдаг
  • Хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй байдаг
  • Тухайн зах зээл болон эрх зүйн орчны мэдээлэл дутмаг байдаг

Ковид-19 цар тахлын үед төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөгөөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид уламжлалт худалдааны аргуудыг ашиглах боломжгүй болж, бизнесээ онлайн хэлбэрт шилжүүлэх үзэгдэл дэлхий даяар ажиглагдсан бөгөөд олон нийтийн вэбсайт, имэйл зэрэг дижитал хэрэгслүүдийг ашиглан бизнесээ сурталчлан, хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нь давамгайлж байна. Засгийн Газраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ үргэлжлүүлэн авч явахад нь хүч өгөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал мөнгөн тусламж, татвар төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах, татварын хөнгөлөлт зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Улс орнуудын авч хэрэгжүүлж буй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн сул зогсолт хийх, санхүүгийн хүндрэлд орох эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг томоохон олон улсын байгууллагууд дүгнэж байна. Үүний зэрэгцээ компаниудад үзүүлж буй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид гэхээсээ томоохон компаниудад илүү ашигтай байсан гэх судалгаа гарсан. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хамгийн хэцүү үе удахгүй тохиолдоно. Дэлхий дахинаа цар тахлаас үүдэн аливаа тусламж дэмжлэгийг үзүүлж байна. Удахгүй энэ бүх дэмжлэг, хөнгөлөлтүүд байхгүй болно. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүнд тусна гэдгийг дэлхийн эдийн засагчид анхааруулж байна. Тухайлбал БНХАУ өвлийн олимп угтан үнийн тогтворжуулах хөтөлбөрүүдээ 2022 оны 4-р сараас зогсоож эхэлнэ. Үүнтэй холбогдуулан дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг дэлхий дахинаа эдийн засагчид тооцоолж байна. Импортлогч орон байхын сул талыг манай Монгол Улсын иргэд хангалттай мэдэрч байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих 5 жилийн хөтөлбөрийг боловсруулж, төрөөс дунд хугацааны хөрөнгө оруулалтыг эрчимтэй оруулан үйлдвэрлэгч орон болох шаардлагатай гэж ШӨХТГ үзэж байна.
Манай байгууллагын зүгээс цаашид хэрэгжүүлэх 8 арга хэмжээг танилцуулъя.

  1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хууль эрх зүйн орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдлэгийг дээшлүүлэхэд өрсөлдөөний байгууллага чухал оролцоотой байх ёстой. Шинэхэн бизнес эрхлэгчдийн хувьд хууль эрх зүйн орчинг төдийлөн мэддэггүй нь улс орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Мөн төрийн зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн талаар ойлголт муутай байдаг. Төрийн байгууллагуудын боловсон хүчнүүдийг зайлшгүй чадваржуулах шаардлагатай гэж үзэж байна.
  2. ЖДҮҮ эрхлэгчдэд байнгын мэдээлэл өгөх төвийг байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Зарим улс орнуудын өрсөлдөөний байгууллага ЖДҮҮ эрхлэгчдийн судалгааны байгууллага, зөвлөлийг оролцуулан тусгайлан зөвлөлдөх  механизм бий болгосон байдаг. Энэхүү зөвлөл нь ЖДҮҮ-ний хэтийн төлөвийг тодорхойлох, өрсөлдөөний байгууллагаас голчлон анхаарах асуудал бодлогын шинэлэг санаачлагуудыг дэвшүүлэн ажиллана. Үүний хүрээнд ЖДҮ-ийн талаар мэдлэгтэй гишүүнийг томилж ажиллах шаардлага байгаа юм. Иймд өрсөлдөөний байгууллагын гишүүдийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа ЖДҮҮ-ний талаар мэдлэгтэй хүнийг томилж, бодлогын түвшинд шийдвэр гаргаж ажиллах нь илүү үр дүнтэй.
  3. Мөн судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал ЖДҮҮ эрхлэгчид өрсөлдөөний тухай хуулийг дагаж мөрдөхөд тулгарч буй бэрхшээлийг судлан, тодорхой хариулт өгөх шаардлагатай гэж үзлээ.
  4. Зарим торгууль шийтгэлийг цуцлах, ЖДҮҮ эрхлэгчдийн татварын хэмжээг ковид-19 цар тахлын үед бууруулах, тавих хяналтаа сулруулах, торгуулийг хойшлуулах, стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллагад оногдуулсан торгуулийг цуцлах хүртэл арга хэмжээг авах нэн шаардлагатай байна.
  5. Худалдан авах ажиллагааг хуульчлах, төрийн худалдан авах ажиллагаанд ЖДҮҮ эрхлэгчид түлхүү оролцох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Та бүхэн анзаарч байгаа бол нэн шаардлагатай бүтээгдэхүүний 18.3 хувийг л бичил бизнес эрхлэгчид дотооддоо хангаж байна. Гэтэл бусад орнуудад 67 хувь хүртэл хангаж байна. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааг 25-аас доошгүй хувь болгон хуульчилж өгөх хэрэгтэй байна.
  6. Мөн хамтрах, нэгдэн нийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цар тахлын үед зарим бизнес эрхлэгчдийн хооронд зайлшгүй хамтрах хэрэгцээ бий болсон. Ялангуяа хэрэглэгчдэд зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд өрсөлдөгч компаниудын хамтын ажиллагааг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түр хугацааны журам хэрэгжүүлэх шаардлагатай.
  7. Зөвшөөрлийг байхгүй болгох шаардлагатай байна. Ялангуяа нийслэл, аймагт байгаа батламж нэртэй энэхүү тусгай зөвшөөрлийг байхгүй болгох, үүнийг зөвшөөрлийн тухай хуульд оруулах гэсэн асуудлыг хөндөж байна.
  8. Эрх зүйн орчинд анализ хийх шаардлагатай байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 798 хууль, 2100 гаруй УИХ-ын тогтоол, 2398 захиргааны хэм хэмжээний акт байна. Энэхүү 5000 орчим эрх зүйн хэм хэмжээний актууд нь хоорондоо зөрчилддөг, үл ойлголцол үүсгэдэг. Хуулийн эрэмбэ алдагдаж, хуулийг давсан захирамж, журам гарсаар байна. Энэ бүхэн бизнес эрхлэгчдэд маш төвөгтэй байдал үүсгэж байгаа нь шударга өрсөлдөх боломжийг хааж байна. Тиймээс хуулийн дата анализ хийх ажлын хэсгийг байгуулах шаардлагатай гэж ШӨХТГ үзлээ” гэсэн юм.