Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод автомашингүй өдөр тохиож байгаа. Яг энэ үеэр “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ АЯН” зохион байгуулагдаж байна.
Улаанбаатар хотод ойролцоогоор жилд 44,000 тонн гялгар уутны хаягдал үүсэж байдаг бол үүнээс ердөө 4% хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Иймд үйлдвэрт ирэхгүйгээр байгалд ил задгайгаар хаягдаж, байгалийг хүчирхийлж байгаа гялгар уутыг, ангилан ялгах хогийн саваараа дамжуулан дахин боловсруулах үйлдвэртээ нийлүүлэх зорилготойгоор уг аяныг нийслэлийн хэмжээнд олон нийтэд нээлттэйгээр өрнүүлж байна.
Тус аяныг “Өнгө нэм” ТББ болон, гялгар уут дахин боловсруулж нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэдэг “Пластик центр” ХХК мөн хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү аянд үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд маш олноороо нэгдэж байгаагаас Баялаг бүтээгч холбооны гишүүн хэд хэдэн компани оролцож байна.
Тухайлбал гялгар уутны хог хаягдлыг дахин боловсруулж 100% битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо дотооддоо үйлдвэрлэдэг Plastic center компани зохион байгуулалтанд оролцож байгаа бол тус байгууллагатай хамтран ажилладаг Атмор компани ч мөн нэгдсэн байна. Тэгвэл нийгэмд зөв хандлага түгээж, үлгэр дууриалал болсон баялаг бүтээгч залуусын үйл ажиллагааг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” дэмжин “Зүгээр битгий хая” аянд нэгдлээ.
“БАЯЛАГ БҮТЭЭГДЧИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР
Бидний зүгээр хаячихдаг гялгар уутыг цуглуулан иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах цаашлаад нийгэмд үүсээд буй олон асуудлыг зүгээр орхичихгүй шийдэх, байгальд ээлтэй, нийгэмд хэрэгтэй аянд хүн бүр нэгдэж гялгар уутаар хандив өргөхийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр уриаллаа.
Аяны хүрээнд хүүхдэд ээлтэй жишиг орчин бүтээн байгуулах бас нэгэн зорилго оршиж байгаагаас гадна олон нийтийг хог хаягдлаа ангилан ялгаж хаяж байх дадал хэвшилд нэгтгэх юм.
Мөн “Зүгээр битгий хая” аян зөвхөн өнөөдөр өрнөөд дуусахгүйгээр цаашид ч хэргэжиж иргэд хогоо ангилан ялгаж хаях хогийн савуудыг тодорхой газруудад байршуулан үйл ажиллагаагаа явуулсаар байх юм.
СЭТГҮҮЛЧ О.Одонтунгалаг
ФОТО АГШИН