Засгийн газраас үндэсний их баяр наадмаа цахимаар хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Харин орон нутгуудад эрсдлийн үнэлгээ хийсний дүнд долдугаар сарын 20-оос хойш наадам хийх боломжоор хангахаа мэдэгдээд буй. Тэгвэл Өвөрхангай аймгийн Онцгой комисс орон нутагт халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед аймаг, сумын хэмжээнд үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэсэн аж.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж “Онцгой комиссын гишүүд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг тэмдэглэхгүй гэх шийдвэрийг гаргалаа. Аймгийн 90 жилийн ой бол бүтэн жилийн турш үргэлжлэх арга хэмжээ юм. Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ гэдэг. Энэ жилдээ бид коронавирусийн халдваргүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлж, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломж бүрдэх юм” гэлээ.