Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд сүүлийн 6 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд ажлын хэсэг байгуулан, холбогдох ажлуудыг эрчимжүүлж эхэллээ.
Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас сүүлийн 2 жил гаруй хугацаанд гадаад харилцааны асуудал хаалттай хумигдмал байсан ч техник технологийн шийдлүүдийг ашиглаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлууд хийгдсээр байгааг тус холбооны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн ажлын хэсгийн хурлын үеэр онцоллоо. Тус холбоо үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, импортлогч улсаас экспортлогч улс болох гарц гаргалгааг эрэлхийлж гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд идэвхийлэн ажиллахаар төлөвлөөд байна.
ББДХ-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гадаад харилцаа хариуцсан ажлын хэсэг хуралдаж, цаашид энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж, төлөвлөлөө. Бид одоогоор Хятад, Тайван, Герман, Филиппин, Япон, Энэтхэг зэрэг улсуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах боломжтой чиглэлүүдээ ярилцаж байна. Ажлын хэсгийн гишүүд маань холбогдох улс орнуудтайгаа холбоо тогтоож, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөхийн зэрэгцээ, санамж бичиг байгуулах ажлуудыг эрчимжүүлж эхлээд байна. Хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд коронавируст цар тахлын улмаас эдийн засгийн болоод гадаад харилцааны хувьд хүндрэл бэрхшээлүүдтэй нүүр тулсан. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрөгч 12 сард 2000 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг хамруулсан судалгаа хийсэн. Энэхүү судалгаан дээр суурилсан ажлуудыг гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа тусган ажиллаж байна.
ББДХ-ны УЗ-ийн гишүүн , Гадаад харилцаа хариуцсан зөвлөх Я.Эрдэнэчимэг: Өнөөдөр баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ажлын хэсгийн хурлаар гадаад гарцаа илүү нэмэгдүүлэх, энэ чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлье гэсэн голлох асуудлууд хэлэлцлээ. Эхний ээлжинд Сингапур, Тайвань, Хятад, Филиппин, Япон, Турк, Солонгос гэсэн орнуудыг сонгож ЖДҮ-ийн чиглэлд туршлага солилцох ажлуудыг эрчимжүүлэх, цаашлаад Америк, Канад, Австрали зэрэг улсуудаас шинэ техник, технологийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг талаас нь туршлага солилцох байдлаар ажлаа төлөвлөж байна. Мөн ойрын хугацаанд буюу 7,8 саруудад Канад, Сингапур улсуудад төлөвлөгдөөд байгаа ЖДҮ эрхлэгчидтэй холбоотой томоохон хуралд төлөөлөл оролцуулахаар санал тавиад байна.
ББДХ-ны Гадаад харилцаа хариуцсан ажлын хэсгийн гишүүн Т.Цэнд-Аюуш: Миний хувьд Герман улсад магистр хамгаалсан учраас тус улстай холбоотой хамтын ажиллагааны тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Герман улс цар тахлын үед маш их шинжлэх ухаанч байдлаар 6 том судалгааны институц ажилласан. Бид энэ жишээнээс суралцаж, цар тахлын энэ үеийг даван туулах хэрэгтэй болов уу гэж бодож саналуудаа ажлын хэсгийн хурлын үеэр хэллээ.