Нийгмийн шаардлагаар үүсгэн байгуулагдаж, баялаг бүтээгчдийн дуу хоолойг төр, зсагт хүргэх дуу хоолой болон ажилласаар ирсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч эрхмүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль хүртлээ. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй томоохон төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлд идэвхийлэн ажилладгийн зэрэгцээ бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг сурталчлан таниулах, холбогдох хуулийн төслүүдэд санал, зөвлөмжөө тусгуулах зэргээр баялаг бүтээгчдийн гүүр болон ажилласаар байна.

Зуун мянга гаруй гишүүд дэмжигчидтэй тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хүнс нийтийн хоолны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн “Чиглэл” компанийн үүсгэн байгуулагч Ц.Бумцэнд энэ өдөр худалдаа, үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй жил ажилласан хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялааж, төрдөө үнсүүллээ. 

ББДХ-ны УЗ-ийн гишүүн, “Бүрэн цутгамал” компанийн үүсгэн байгуулагч Ц.Бумцэнд: “Чиглэл” компани100 гаруй ажлын байрыг бий болгож, 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын худалдаа, үйлдвэрлэлийн салбарт 43 жил ажилласан зүтгэлийг минь үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасанд баяртай байна. Хамт олон, баялаг бүтээгчиддээ баярласан талархсанаа илэрхийлье. Монголын баялаг бүтээгчдийн төлөө тууштай тэмцэж байгаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяртаа баярлалаа гэж хэлье. Бид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г байгуулаад 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нийгмийн захиалгаар байгуулагдсан холбоо маань 6 жил тасралтгүй тууштай ажиллаж, хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдийн дуу хоолойг олонд хүргэсэн, түмэнд түгээсэн. Хийж байгаа ажлыг нь орон даяар сурталчилан таниулсан. ЖДҮ-тэй холбоотой олон хуулиудад өөрчлөлт оруулахад манай холбоо тодорхой үүргийг гүйцэтгэж ажилласан. Цаашид бидэнд хийх ажил их байгаа. Ингээд Баялаг бүтээгчдийн дуу хоолой болсон тус холбооны бүх гишүүд дэмжигчид, үйлдвэрлэгч нартаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. 

ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Бүрэн цутгамал” компанийн үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр: Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртсэндээ баяртай байна. Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн төлөө холбооны гишүүдтэйгээ нэгэн сэтгэл зорилгоор хамтран ажилласны үр дүн гарч байна гэж харж байна.  Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, улам их амжилт гаргахын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болтол бид бүхэн хичээн зүтгэх болно. Цаашид баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийнхээ хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. 

Энэ өдөр төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Алиман сар” ХХК-ийн захирал Н.Дулам, “Монгол ванн” ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Хуулийн зөвлөх Д.Цэрэндулам нар тус тус энгэрээ мялаасан юм.

“АЛИМАН САР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.ДУЛАМ:Хүнсний салбарт 20 гаруй жил ажилласан хөдөлмөр, зүтгэлээ энэ өдөр үнэлүүллээ. Коронавируст цар тахлын үед хүнсний салбарт тэр дундаа дотоодын хүнс үйлдвэрлэлийн салбар ямар чухал ач холбогдолтой болохыг олон нийт харж, мэдэрч байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаад 5 жил болж байна. Энэ хугацаанд маш их зүйл өөрчлөгдсөн. Олон давуу тал бий болсон. Нэг хувь хүн, хувь компани гэхээс илүү холбоонд элссэнээр 1000, 1000 баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарын асуудлыг хуулийн болон бодлогын хүрээнд томоор харж, баялаг бүтээгчдийн дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэн хичээн ажиллаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлага, тэр дундаа Ч.Даваабаяр тэргүүн маань маш их сэтгэл гарган ажилладаг. Үүний үр шимийг олон баялаг бүтээгч нар хүртээд явж байгаа. 

ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Монгол ванн” ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэг: “Монгол ванн” компани маань импортыг орлосон барилгын материалын үйлдвэрлэл эрхлээд 10 жил болж байна. Энэ хүндтэй шагнал дан ганц миний биш хамт олны минь хичээл зүтгэлийг үнэлсэн бидний хамтын шагнал юм шүү гэж хэлмээр байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, нийгэмд хүчтэй дуу хоолой болохоос гадна, гишүүн байгууллагуудаа урамшуулж, дэмжиж, урагшаа алхах урам зориг өгч байгаад маш их баяртай байна. 

Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртсэн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийнхээ төлөөллүүдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье. 



Нийтэлсэн Г.Лхагвадулам