Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-нд модон эдлэлээр гэр ахуй, хүүхдийн тоглоом, бэлэг дурсгал урладаг “Тэрэм” брэнд нэгдлээ.
Тэрэм брэнд нь Д.Энх-Амар, Д.Амарбаясгалан нарын гэр бүлийн бизнес бөгөөд тэд “Баян хийц” компаниа 2013 онд үүсгэн байгуулж, 2017 оноос гар урлалын бэлэг дурсгалын эко бүтээгдэхүүн худалдаанд гаргаж, 2019 онд “Тэрэм брэнд”-ийн гэр ахуйн хэрэглэл, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоом зэрэг цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж эхэлжээ.
Тэрэм брэндийн үүсгэн байгуулагч Д.Амарбаясгалан нь 2017 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элсэж байсан бөгөөд нөхөр Д.Энх-Амар нь энэ өдөр элслээ.
Улаанбаатар хотод модон урлал эрхэлдэг маш олон үйлдвэрлэл байдаг. Тэдгээрээс ялгарах онцлог нь дэлхий нийтээрээ мэддэг хөлөгт тоглоомыг Монгол хэв загварт оруулан хүүхдүүдийн гарын жижиг булчинг ажиллуулах, сэтгэхүйг хөгжүүлэх боломжтой тоглоомуудыг урладаг байна. Эдгээр тоглоомуудыг урлахдаа хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, ямар ч химийн бодис, будаг, лак, цавуу ашиглахгүйгээр хийдэг. Мөн хөлөгт болон эвлүүлдэг тоглоомуудын зураг дүрсийг нэг бүрчлэн өөрсдийн гараар ухаж сийлбэрлэн, сайн чанарын хуурай модыг ашиглан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг. Модон эдлэл урлах өрхийн бизнесээ, үйлдвэрийн түвшинд хүргэхийн тулд хичээн ажиллаж байна.