2005 онд байгуулагдсан “Сан оргиу” компани нь гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж гадна тохижилтын сандал, траншейны таг зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дархан хотод төвтэй тус компани өмнө нь нийслэл хотод  салбараа хоёр удаа нээж байсан ч байрны түрээс болон санхүүгийн бэрхшээлээс үүдэн өргөжүүлж чадаагүй байна. Харин энэ удаа гурав дахь салбараа нээсэн нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж. Ингээд хогийг мөнгө болгодог “Сан оргиу” компанийг баялаг бүтээгчээр онцолж байна.

Д.Болортунгалаг “Сан оргиу” ХХК-ийн менежер

-Түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ. Хэдий хог ч гэсэн түүж цуглуулах гээд ажиллагаа ихтэй л байх?

-Түүхий эдээ хогийн цэг дээр уут, хуванцар сав түүдэг иргэдээс худалдан авахаас гадна байгуулагуудаас гэрээгээр авдаг. Зөвхөн гялгар уут гэлтгүй ахуйн хэрэглээний зөөлөн хуванцар сав, пакет тор, хүнсний гялгар уут зэргийг хогийн цэг дээрээс түүгээд манайд авчирч өгдөг. Бид эдгээр хүмүүсээс авчирсан түүхий эдийг нь худалдаж аваад дээр нь тэднийг цалинжуулдаг. Нэг айл сардаа 4-5 кг уут хэрэглэдэг гээд бодвол түүхий эдийн нөөц хангалттай байдаг.

– Бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр худалдаалж байнаХудалдан авалт ер нь хэр байдаг вэ?

-Бид одоогоор хот тохижилтын сандал, хашаа, сүүдрэвч, ширээ, сандал зэрэг 30-40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнүүд маань зарим нь шууд хэвэнд цутгадаг бол зарим нь угсарч эвлүүлдэг болохоор хөдөлмөр, оролцоо хэр орсноороо үнийн хувьд ялгаатай. Ойролцоогоор нэг килограммыг нь 2000 орчим төгрөгөөр үнэлдэг. Нэг түшлэгтэй сандал гэхэд 50 кг гялгар уутнаас бүтдэг. Түүнийг 85 мянган төгрөгөөр үнэлээд зарж байна.

-Хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн нь юу байх вэ?

-Хашааны шон, сандал, траншейны таг нэлээд их захиалгатай байдаг. Хуванцар шонг хэрэглээд хэвшчихвэл ашиглалтын хугацаа урттай, байгаль экологид ээлтэй байдлаараа ч их тустай бүтээгдэхүүн. Модон шон 10-15 жилд доогуураа муудчихдаг бол энэ шонг хэдэн зуун жил ч ашиглаж болно. Уулнаас мод бэлтгэхэд хямд байгаа болохоор хүмүүс модон шонг авч байна. Нөгөө талаар технологийн хувьд гологдоод байгаа болохоор өнгө үзэмжээ сайжруулж чадахгүй байна. Яваандаа бид хуванцарын будаг ашиглах бодолтой байгаа.

-Өмнө нь хоёр ч удаа нийслэлд салбар үйлдвэрээ нээх гээд бүтээгүй юм байна. Энэ үйлдвэрийг цааш хөгжүүлэхэд юу саад болоод байна?

Ижил төрлийн бүтээгдэхүүний гаднаас орж ирэх урсгалыг тодорхой хэмжээнд хааж өгвөл үйлдвэрийн хөгжилд ихээхэн түлхэц болох юм. Яг одоо хийчихсэн бэлэн бүтээгдэхүүн зөндөө их байгаа ч борлуулалт муу байна.   Хүйтний  улиралд хуванцар амархан царцдаг, дээр нь үйлдвэрлэл явуулж байгаа байр халаалтгүй зэргээс үйлдвэр маань жилд ердөө таван сар л ажилладаг. Хамгийн гол нь хийгээд бэлдсэн бүтээгдэхүүнээ борлуулж чадвал үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой.

“Сан оргиу” компани томоохон хогийн цэгээс түүхий эд түүж өгч нийлүүлдэг хүмүүсээс түүнийг нь худалдан авахын зэрэгцээ давхар цалинжуулдаг байна. “Хогоо хэрхэн боловсруулах вэ” хэмээн асуудал дэвшүүлэхийн оронд ийм төрлийн үйлдвэрээ дэмжиж, туслан өргөжүүлбэл баялаг бүтээгчдээ дэмжихийн зэрэгцээ томоохон асуудлаа давхар шийдэх бүрэн боломжтой гэдгийг тус үйлдвэрийн менежер онцлон хэлж байсан юм.

                                           Хаяг: СХД-ийн 23 хороо Улаанчулуут Утас 99093849