МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдлээ.
Тэрбээр өчигдөр буюу 2021.04.27-ны өдөр бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээний үеэр уг байр суурийг илэрхийллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана
Тодотгоход, Бизнесийн итгэлийн индекс судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн.
Бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтэц гээд бүхий л салбар цар тахал, удаа дараагийн хөл хорио, хямралд өртөж эдийн засгийн томоохон цохилтод өртөөд байгаа билээ.
2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс -0.28 буюу сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Тодруулбал, гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ.
Эргэн сануулахад, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан. “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүн 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд гарсан байна.
2020 онд бизнесийн итгэлийн үндсэн дөрвөн үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан дүнтэй байна. Тухайлбал, Барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байлаа.
Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна, бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлтийн бууралт хамгийн их сөрөг нөлөөтэй байна гэж үзжээ.
Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Энэ оноос судалгааны аргачлалд өөрчлөлт оруулж олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар тооцон гаргаж байна.
“Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгааг энэ оны гуравдугаар сард нийслэл болон орон нутагт явуулж, 1400 гаруй аж ахуй нэгжийг хамрууллаа. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь хөдөө аж ахуй, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Оролцсон аж ахуйн нэгжийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай байна.
Мөн энэ үеэр Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд бизнес эрхлэгчдийн зүгээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлжээ.
- Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага /Формат: *.pdf, Хэмжээ: 1,84 мб/
- Бизнес итгэлийн индекс-2020 судалгааны үр дүнгийн танилцуулга /Формат: *.pdf, Хэмжээ 1,12мб/
ЭХ СУРВАЛЖ: https://www.mongolchamber.mn/a/592