Үндэсний үйлдвэрлэгчид, Баялаг бүтээгчдийнхээ бизнесийн арга барил, үүх түүхийг сурталчлах зорилготой “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийн дараагийн дугаартаа бид гэр бүлээрээ хамтдаа бизнесээ бүтээлцэж яваа Oogii’s Leather Brand Mongolia -ийн Үүсгэн байгуулагч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Энхмандах болон түүний гэр бүлийг урилаа.
Б.Энхмандах болон түүний гэр бүл бидний урилгыг уриалгахан хүлээж авахын зэрэгцээ ямар ч үнэ төлбөргүй нэвтрүүлэг хийх гэж байгаад ихэд талархаж байгаагаа нуусангүй.
Байршил: СХД, 29-р хороо, Москва хороолол
Эрхэлдэг ажил: “Oogii’s Leather Brand Mongolia“-ийн Үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Б.Энхмандах
Мэргэжил: Англи хэл Мэдээллийн технологийн багш (МУБИС 2006 он)
Сошиал хуудсууд: Maagii Maagii (Facebook)
Сошиал хуудсаар нь дамжуулан бүтээгдэхүүнийх нь талаар маш сайн мэддэг боловч яг үйлдвэрлэгчтэй нь нүүр тулан уулзаж байгаа анхны уулзалт болохоор эхлээд Б.Энхмандах гэж хэн бэ ? гэдэг хувь хүнтэй нь танилцахаар зочноо кофе шопт урьж болзсон юм.
Учир нь анхны болзоо, ажил хэргийн уулзалт, найз нөхөдтэйгээ сайхан ярилцаж суух, өөртөө цаг гарган ном унших гээд л дурдаад байвал хөврөөд л байх олон боломжийг бидэнд олгодог тухлаг газар бол Кофе шоп билээ.
Нэвтрүүлгийн зочиноо шинэ газартай танилцууж, амттай яриа өрнүүлэн, нэг сумаар нэлээн хэдэн туулай буудсан шинэхэн дугаар маань Сүхбаатарын талбайн урд, Blue Sky tower-ийн баруун урд байрлах “Brooklyn Coffee and Wine House” дээрээс эхэллээ.
Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч Сарнай цэцгийн дэлгүүр–ийн хамт олон манай зочинд гэнэтийн бэлгээ барилаа. Харин өнөөдрийн хувьд Цэцгийн баглааг дагалдаж ирсэн Мэндчилгээний үг түүний зүрх сэтгэлд хамгийн их хүрсэн, сайхан үг байж чадсан. Дашрамд дурьдахад Сарнай цэцгийн дэлгүүрийн хамт олон ROSESHOP.MN сайтаараа онлайн захиалга авч хүргэлт хийж байгаа юм байна. Та гадаадад, орон нутагт гээд дэлхийн хаана ч байсан https://roseshop.mn/ сайтаар дамжуулан Монголд байгаа хүндээ цэцгийн баглаа хүргүүлэх боломжтой.
Ийнхүү бид тус кофе шопд гараар найруулсан кофег амтлан, бас шинэ цэцгийн баглаатайгаар зочинтойгоо сэтгэл хангалуун нэвтрүүлгээ үргэлжлүүллээ.
ГИШҮҮН БҮРИЙН ОРОЛЦООТОЙ “OOGII’S LEATHER BRAND MONGOLIA” АРЬСАН ЦҮНХ
Б.ЭНХМАНДАХ: Би 2019 оноос эхлэн гэрээрээ Oogii’s Leather Brand Mongolia нэртэй спорт, аялалын, өдөр тутмын гээд арьсан цүнхнүүд үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн хувьд нөхөр маань анх энэ санааг өөрийнхөө сонирхлоор хийж, харин миний хувьд нөхрийнхөө хийж байгаа зүйлд нь туслахаас эхэлсэн. Нөхөр маань анх найзаасаа үлгэр дууриалал авч БИ ӨӨРӨӨ ЮМ ХИЙГЭЭД ҮЗЬЕ гэдгээс эхэлсэн дээ. “Нөхрийн маань найз маш их авъяастай, гарын ур дүйтэй, хөдөлмөрч залуу бий” хэмээн онцоллоо.
Б.ЭНХМАНДАХ: Бидэнд “Танайхыг сурталчлаад өгье “гэж хэд хэдэн газраас санал ирсэн. Гэхдээ одоохондоо энд тэндхийн сурталчилгаанаас татгалзаж байгаа /инээв/. Яагаад гэвэл манайх чинь одоохондоо гэртээ л үйлдвэрлэлээ хийж байна. Тусдаа дэлгүүр, үйлдвэрийн байр гэсэн объект байхгүй, гэртээ хэдүүлээ хийж байгаа. Тэгэхлээр бид баахан сурталчилгаа явуулаад тэрийгээ дагаад захиалгууд ар араасаа ороод ирвэл одоохондоо үйлдэрлэлийн хүчин чадал, хүний нөөц маань хүрэлцэхгүй. Одоогийн байдлаар манайх Москва хороололд 1 өрөө байрандаа өдөр нь оёдлоо хийгээд, орой нь ширээ, оёдлын машинуудаа шахаж хураагаад унтдаг. Одоо нэвтрүүлэг очоод хийхэд ер нь л их жижигхэн, давчуу шүү. Жаахан санаа зовоол байна /инээв/. Харин танай нэвтрүүлэг бол яг бидэн шиг гарааны бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа хүмүүст маш их үр өгөөж өгсөн, яг зорилтод хүмүүсдээ хүрсэн ашгийн бус гэгээлэг нэвтрүүлэг. Ийм сайхан нэвтрүүлэгт уригдан орж байгаадаа баяртай байгаа.
Үүдээр оронгуут шинэхэн арьс, савхины үнэр ханхалсан , зүүн ханандаа ширээгээ өрөөд, оёдлын машинаа байрлуулсан, баруун ханандаа чамин хийцтэй загварлаг, сайхан цүнхнүүд, хоймортоо Монгол бөхийн зодог шудаг, малгай залсан сайхан энергитэй айл угтлаа.
“Орж ирсэн захиалгаа хугацаанд нь яаралтай гаргах ёстой учраас ширээгээ хураагаад зочдоо тухтай хүлээн авах боломж гардаггүй ээ ойлгоорой” хэмээн Ооgii’s Leather Brand Mongolia – ийн жинхэнэ хариуцлагатай албыг нь хашиж байгаа гэрийн эзэн Отгонбаяр найрсгаар хэлж байлаа.
ОТГОНБАЯР: Анх цүнх үйлдвэрлэх санаагаа найзаасаа л үлгэр дууриалал авч байгуулсандаа. Найз маань маш их гарын ур дүйтэй, авьяастай, мундаг хөдөлмөрч залуу байгаа. Одоо фитнесийн клубуудын арьс ширэн тоноглолууд, Боксийн бээлий, мишок, хүндийн өргөлтийнхний бүс зэргийг оёж үйлдвэрлэдэг. Найзыгаа дагаж би ч гэсэн үйлдвэрлэл хийгээд үзвэл яадаг бол гэж эхэлсэндээ.
АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛ ХАДАМ ААВ МААНЬ
Тэгээд энэ санаагаа гэрийнхэндээ хэлж хамгийн түрүүнд санааг маань манай хадам аав дэмжиж надад 1 оёдлын машин авч өгч байсан юм.
Бизнес эхлүүлэх анхны хөрөнгө оруулагч тань хадам аав тань байж ээ?
ОТГОНБАЯР: Тиймээ. Аавынхаа авч өгсөн оёдлын машинаар л анхны цүнхээ оёж эхэлсэн дээ.
Үйлдвэрлэлээ гэртээ хийхээр айл өрх талаасаа амар тайван байдал ямархуу байдаг вэ?
Б.ЭНХМАНДАХ: Өөрсдийнхөө гэрт хийж байгаа болхоор амар байдаг. Өглөө босоод цай ундаа уучихаад л ширээнүүдээ татаад юмаа оёж эхэлнэ, орой дуусхаараа буцааж хураагаад л ор дэрээ засна даа /инээв/
Гэхдээ ямар нэгэн хүний түрээсийн байранд хийснээс хамаагүй амар байдаг. Манайх чинь орж ирсэн захиалгаасаа хамаараад шөнө оройгүй суух үе гарна. Хэрвээ түрээсийн газарт хийвэл нэгдүгээрт нөгөө газрынхаа хуваариар ажиллах хэрэг гарна, хоёрдугаарт шөнө оройгүй ажиллах байр оллоо гэхэд үнэтэй тусна шүү дээ. Одоо манай аав, нөхөр, хадам дүү, манай хүү гээд бид тавуулаа цүнхээ хамтдаа хийж байна. Одоогоо манайх түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулж, нэмэлтээр ажилтан авч ажиллуулах хэмжээний болж чадаагүй байна.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЕ ГЭСЭН БОДОЛТОЙ, СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ХҮМҮҮСИЙН АЧААР КОВИДЫН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙГ ДАВААД ГАРСАН
Монгол улс маань хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоогоод, хилээ хаагаад бүтэн жил гаруй хугацаа өнгөрлөө. Олон ч бизнес эрхлэгчид эхнээсээ дампуурлаа зарлаж, олон хүн ажилгүй орлогогүй болсон. Энэ үед танайх гэр бүл ямархуу байв ?
Б.ЭНХМАНДАХ: Яг үнэндээ бол “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн сэтгэлтэй, бодолтой хүмүүсийн ачаар манай гэр бүлийн хувьд Ковидын хөл хорионы үеийг даваад гарсан. Манай бүтээгдэхүүнийг фэйсбүүкээр үзсэн хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч, үйлдвэрлэсэн цүнх бүрээ борлуулж чадсан. “Ямар гоё хийцтэй юм бэ? ямар загварлаг юм бэ? ахиад авмаар байна, авна шүү” гэсэн урмын үг бидэнд маш их ирсэн. Нэг авсан хэрэглэгч маань өөр нэг найздаа үзүүлээд, санал болгоод, бүр “танай бүтээгдэхүүний борлуулагч болье” гэх мэтчилэн саналууд ирсэн. Ийм сайхан урмын үг авсан бид 5 чинь илүү их урамшаад анх нэг цүнхээр эхэлсэн бол тэрнийгээ 2 болгоод, хоёрыгоо 4 болгоод гэх мэтчилэн боломжоороо үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн.
Одоо танайх нийт хичнээн цүнх гаргаж байгаа вэ?
Б.ЭНХМАНДАХ: Манайх одоо өдөртөө 10 гаран цүнх гаргаж байна. Том цүнхнээс 4-ийг, жижиг цүнхнээсээ 8-ийг гэх мэтчилэн үйлдвэрлэдэг. Нэг дор асар олон тоогоор захиалга авхаас илүүтэйгээр дээд зэргийн чанартай бага тоогоор хийхийг л боддог. Тавуулаа хамтдаа ажиллаад гаргаж чадах тоогоороо л хийж байна даа.
Бид 5 чинь үйлдвэрлэлээ хийхээсээ илүү хэн нь сурталчилах вэ? Яаж тайлбарлах вэ? гэдэг дээрээ л гашилдаг хүмүүс дээ
Бүтээгдэхүүнээ сурталчлахдаа Фэйсбүүкээр лайв хийдэг юм билээ. Маш их үзэлттэй хандалттай лайв Тэгсэн хэрнээ тэр лайв нь дуу байхгүй, үнэ, загварыг нь тайлбарлахгүй чимээгүй л яваад байгаа харагдсан.
Харин тиймээ. Бид 5 чинь үйлдвэрлэлээ хийхээсээ илүү хэн нь сурталчилах вэ? Яаж тайлбарлах вэ? гэдэг дээрээ л гашилдаг хүмүүс дээ /инээв/ Танай нэвтрүүлгийн багийнхнаас харин бүтээгдэхүүнийхээ зураг дарах аргыг бас олж авлаа. Гэрэл тусгах ёстой юм байна, цагаан фоно дээр тавибал илүү тодорч, деталь бүр нь харагддаг гэдгийг одоо л мэдлээ. Лайваа хийхдээ яаж ярих вэ гэдгээс ичээд дуугардаггүй. Хүмүүс бүр дуугараач ээ, цүнхнийхээ үнийг хэлээч ээ, бүтээгдэхүүнээ тайлбарлаач ээ, Лайв хийж мэддэггүй юм уу? гэх мэтчилэн коммент их ирдэг ээ /инээв/
ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ТӨЛӨГЧ БОЛ ИРГЭД ШҮҮ ДЭЭ
Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох шийдвэр гараад Үйлдвэрлэл эрхлэгчид зээлийн материалаа арилжааны банкууд дээр өгөөд эхэлсэн байна. Танайх уг зээлийг хөөцөлдөж үзэв үү?
Б.ЭНХМАНДАХ: Материалаа өгөөд үзнэ гэж бодож байгаа. Манайх бол иргэнд олгох 50 саяд төгрөгийн зээлд л хамрагдах боломжтой байх….. хэмээн ЖДҮ 3 хувийн зээлээр талаар бидний сэдэв үргэлжиллээ.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” НЭВТРҮҮЛЭГ №6: Арьсан эдлэлийн “Oogii’s Leather Brand Mongolia”-ийн Үүсгэн байгуулагч, Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Энхмандах болон түүний гэр бүл оролцсон сонирхолтой ярилцлагыг 4 сарын 16-ны Баасан гарагт 21:00 цагаас ETV HD телевизээр хүлээн авч үзнэ үү
Нийтэлсэн Г.Лхагвадулам