“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин бол G&A Mining ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал бөгөөд Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргалыг урилаа.

Ирландын Дублин хотод EuroCollage of Ireland сургуулийг Олон улсын Аялал жуулчлалын мэргэжлээр төгсч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Эрх зүйн магистр, Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент, ХБНГУ-д Олон улсын мэргэшсэн менежерээр дүүргэсэн тэрээр 10 жил үйлдвэрлэлийн салбарт ажилласан туршлагатай бөгөөд 2017 оноос эхлэн найзын хамт “G&A Mining” компанийг үүсгэн байгуулж, дэлхийд тэргүүлэгч тавилга үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголдоо  үйлдвэрлэж байна.

Нийгмийн сайн сайхын төлөөх залуусыг оролцоог идэвхитэй болгож, зөв төлөвшсөн Монгол иргэн бий болгох мөрөөдлийн эхлэл болгон “Мянганы Санаалчилга Хөгжлийн Төлөө ТББ“-ийг байгуулан нийгмийн сайн сайхан, хүүхдэд таатай орчин бүрдүүлэхийн төлөө хүмүүнлэгийн салбарт хөрвөн ажиллаж буй түүний ажлын арга барилаас хуваалцъя.

Эрхэлдэг ажил: 

Хэрэглэдэг гар утас: iPhone X

Хэрэглэдэг компьютер: Dell laptop

Сошиал хуудас: Azjargal Sunshine (Facebook), Azjargal Khashbat (Page)

  1. АЖЛЫН ӨГЛӨӨ ХЭРХЭН ЭХЭЛДЭГ ВЭ?

Өглөө 09:00-9:30 цагийн үед ажил дээрээ ирээд цахим шуудангийн хаягаа шалган ажлаа эхлүүлдэг. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, мөн бусад төлөвлөсөн ажил уулзалтын цагаа гарган ажлуудаа эхлэдэг. 

Тавилга үйлдвэрлэлийн салбар луу орох болсон шалтгаан юу байв, мөн бидэнд бизнесийн үүсэл түүхээ хуваалцаач?

Яг үнэндээ бол би анх аялал жуулчлалийн салбарт хүчээ сорино гэж мэргэжлээ сонгож байсан. Түүгээрээ ч 18 настайдаа Итали улсад Олон улсын аялал жуулчлалын мэргэжлээр сурсан. Одоо бодохнээ би тэр үед аялах дуртай байсан учраас өөрийгөө аялал жуулчлалын салбарт явах хүн байжээ гэж мэргэжлээ сонгосон юм шиг байгаа юм. Харин европт сурч байх хугацаанд би аялал биш тавилгын сонирхолтой гэдгээ мэдсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тавилгыг хараад үнэхээр дурладаг байлаа. Одоо энэ хоббигоо ажил хэрэг болгоод тавилгын салбар луу орсон доо. Тавилгын үйлдвэрлэлийн салбар гэдэг өөрөө эр зоригийн талбар. Гэсэн ч энэ бизнесийг эхлүүлэхэд надад огт хэцүү санагдаагүй.

Компаниа өөрийн найз Ганзориг гэдэг залуутай хамтарч босгосон. Бид хоёр талаасаа idea-аа нийлүүлж, хөрөнгө оруулалтаа ч хамтдаа хийж өнөөдрийг хүртэл гар нийлж яваа. G&A Mining ХХК “G & A furniture” тавилгын үйлдвэр гэдэг нэр маань ч гэсэн бидний нэрнээс үүсэлтэй. Ганзориг маань компанийн ерөнхий үйл ажиллагааг хариуцаж ажилладаг, харин миний хувьд түүхий эд нийлүүлэлт, гадаад хамтын ажиллагаагаа хариуцдаг.

ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Миний ажлын нөу-хау маш энгийн. Асуудлаа сайн судалж, цэгцлэн, төлөвлөж, шийдлээ гаргаж хурдтай ажиллаж, маш хурдан шийдвэр гаргах нь хамгийн чухал.  Цаг үеэсээ хоцрохгүй, шинэлэг байхад мөн их анхаарч, Ажлыг голж, хүнд, хялбар гэж ялгах, эсвэл өнгөц, дээгүүр харахгүйгээр гүнд нь орж, багийнхаа дунд хутгалдан ажиллах дуртай.

АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

И-мэйл Google mail, Whats up, viber, messenger зэрэг харилцаа холбооны апп-ийг ашигладаг. Харин албан ажил болон хувийн төлөвлөлтийн тухайд бүх ажлыг дэвтэр дээрээ тэмдэглэн хөтлөн ажиллах дуртай. Би бол тэмдэглэл хөтөлдөг үеийн хүн дээ /инээв/

 ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би урлагт их дуртай. Уран зураг сонирхож, сонгодог гоё хөгжим сонсонгоо амрах их дуртай. Аялах маш их дуртай. Гэр бүлтэйгээ хамт аялах,  салхилах гээд олон сонирхолтой зүйлс хийж амрах дуртай. Мэдээж хань ижил, үр хүүхдүүд, найз нөхдөөсөө эрч хүч авдаг.

ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад англи хэлний хичээл заадаг. Мөн тэднийг ОХУ –ын их дээд сургуульд хэрхэн тэтгэлээр хамрагдах боломж байгаа, хэрхэн суралцан зуучлах талаар сайн талуудыг мэдрүүлэхийг хичээдэг.

ОХУ, Оюутан солилцоо
ОХУ, Оюутан солилцоо

ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Айл гэр, албан тасалгаа гээд хүн болгоны анзаараад байхгүй өдөр тутмын тухлаг орчинг бүрдүүлж цогцлооно гэдэг хамгийн гоё болов уу. Сөрөг тал нь Монголд бизнес хийнэ гэдэг тэр тусмаа үйлдвдэрлэнэ гэдэг тийм амар зүйл биш. Манай эдийн засаг жижиг атлаа, төрийн оролцоо ихтэй байдаг. Мөн Олон улсын 20, 30 гаруй үйлдвэрлэгчтэй урт хугацаанд хамтарч ажиллахаар олон сайн гадаад найзтай болдог юм байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг одоогоор 2-3 барилгын төсөл дээр хамтран ажиллахаар ярилцаж байна. Хямралтай цаг үе байгаа болохоор шинэ, том ажил эхлүүлэхээс илүүтэй ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх нь хамгийн чухал ойрын төлөвлөгөө байна.

ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Байнгын өөрөө сурдаг. Байнга л шинийг эрэлхийлж, суралцаж хөгжиж байхгүй бол болохгүй шүү дээ. Шинэ сонин хүмүүстэй уулзаж, санаа бодлоо байнга хуваалцахыг хичээнэ. дэлхийн эдийн засаг, зах зээлийн мэдээлэл уншиж өдрөө эхлүүлнэ. Мөн ажилтай холбоотой мэргэжил бол эрхэлж буй олон ажлуудтай холбоотой сонин сэтгүүл захиалж уншиж, олон улсын хурал хэлэлцүүлэгт тогтмол оролцохыг хичээдэг. Мөн тогтмол аудио ном, подкаст сонсдог шүү. 

САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ном ертөнцийг харах толь гэдэг дээ. Манай ээж Төв номын санд ажилладаг байсан. Энд сургуульд орохоосоо ч өмнө амьдарч өссөн. Бүх номын фонд хэсэж ном уншдаг байлаа. Ном унших нь суурь хүмүүжил болдог юм билээ.

Одоогоор Юваль Ноа Хараригийн Sapiens, Марк болон Пол Энглерийн “This is Uprising”номыг уншиж байна.

БУСДАД ШИДЭХ САНАА ?

Тархиа үргэлж гэгээлэг, бүтээлч байн үргэлж суралцаарай. Хүн бүрийг бүх зүйлд хариуцлагатай байгаасай л гэж хүсэж байна. Мөрөөдөлдөө үнэнч тууштай байгаарай.

Уншигч танд ч гэсэн түүний ажил амьдралын гараа, ирээдүйд хийхийг зорьж байгаа зорилт, хувь хүний хобби зэрэг Монголын бизнесийн салбарт хүчээ сорьж яваа эмэгтэйн ярилцлага сайхан мэдрэмж төрүүлсэн гэж итгэж байна. Ингээд G&A Mining ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал бөгөөд Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал оролцсон нэвтрүүлгийн дугаарыг бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.

“БАЯЛАГБҮТЭЭГЧ” нэвтрүүлэг 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны Даваа гарагт Масс телевизээр 20:30 цагаас, ETV HD телевизээр 21:25 цагуудад гарна.