Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш вакцинд хамрагдсан хүний тоо 100 мянга даваад байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн, ахмад настанууд гэсэн үе шаттайгаар вакцинжуулалт үргэлжилж буй юм. Ирэх тавдугаар сар гэхэд нэг сая иргэнээ дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаагаа Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Вакцинжуулалтын асуудлаар Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатартай ярилцсан News.mn сайтын ярилцлагыг хүргэж байна.

-Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн covid-19-ийн эсрэг вакцины хүлээлтэд байлаа. Вакцин тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна. Та юу хэлэх вэ? 

Цар тахал гарснаас хойш дэлхий дахинд улс орнуудын эдийн засаг, хүний амьдралд томоохон өөрчлөлтүүд гарлаа. Эдийн засаг хямарч, үйлдвэрлэл зогсч, хүмүүс хөл хорионд орлоо. Иймд ердийн амьдралдаа эргэн орохын тулд олон улсын эрдэмтэд богино хугацаанд цар тахлын эсрэг вакцин гарган авлаа. Аливаа халдварт өвчинтэй тэмцэх хамгийн хүчирхэг зэвсэг бол вакцин. Үүнээс өөр үр дүнтэй аргыг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл бодож олоогүй байна. Вакцинжуулалтыг дархлаажуулалтын голомтын заалтаар, сайн дурын үндсэн дээр хийдэг гэж хуульчилсан. Тиймээс хүн бүр вакцинд хамраагдаасай гэж хүсч байна. Учир нь вакцинд хамрагдсан хэсэг хүн Сovid-19-өөс хамгаалагдана.

Вакцин тариулаагүй хүмүүс халдварт өртөх эрсдэл өндөр. Тиймээс вакцинд хүн бүр хамрагдаасай гэж мэргэжлийн хүний хувьд хүсч байна.

Вакциныг маш өндөр технологиор үйлдвэрлэдэг. Бүх нийтээр вакцин хэрэглэхэд сөрөг нөлөөлөл байхгүй гэж эрх бүхий байгууллагууд нь дүгнэлт гаргасан учраас вакцин тарьж байгаа юм. Вакциныг үйлдвэрлэгч орноор нь ярьж байгаа ч цаана нь маш том судалгааны баг, лабораториуд бий. Иймд вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй.

-Вакцинжуулалт эхэлснээс хойш төрийн албан хаагчид “Астразенека” вакцинд хамрагдсан. Гэтэл сүүлийн үед улс орнууд тус вакциныг татан авч эхэллээ. Одоогоор вакцинд хамрагдсан хүмүүст эрсдэл үүсэхгүй гэхэд цаашид сөрөг нөлөөлөл үзүүлэх үү. Энэ талаар манай улсад судалгаа байдаг уу?

-“Астразенека” вакцинд хамрагдсан хүмүүст ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй. Цаашид ч илрэхгүй. Уг вакцин Монголд 75-хан мянган тун орж ирсэн. Одоо дуусч байхад энэ сайн вакциныг муулаад яах юм бэ. Сая 14.000 тун орж ирлээ, энэ нь 7000 хүн л вакцинд хамрагдана гэсэн үг. “Астразенека” вакциныг улс орнууд буцаан татсан гэх мэдээлэл бол ташаа. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг.

-Вакцины эрсдэл, сөрөг нөлөөллийн талаар ямар судалгаа байна вэ, Монголд. Жишээ нь, “Астразенека” вакцин харшилтай хүмүүст илүү хариу урвал үзүүлдэг гэх мэдээлэл бий. Вакцины хариу урвал үзүүлэх нөлөө хэр байх вэ?

-“Астразенека” вакцинд хамрагдсан хүмүүс халуурч, өвдөж, гар хөл нь янгинаж байна гэх зовиур хэлж байна. Энэ зовиур илрэх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн вирусийн тухай удмын мэдээг нь дархлааны ой санамжид нь суулгаж өгөх процесс. Иймд тариулсан газарт өвдөх, бага зэрэг халуурч байвал сайны шинж тэмдэг. Тухайн вакцины вирусийг таньж, дархлааны систем хүчтэй ажиллаж байгаагийн шинж учраас санаа зовох шаардлагагүй.

Энэхүү вакцины ноцтой гэж хэлж болохоор сөрөг нөлөөллийн тухай сүүлийн үед цахим сүлжээнд цацагдаж байна. Үүнд хариулт өгөхөд, нэг сая хатгалтад харшлын урвал өгсөн 4-5 тохиолдол байна. Энэ бол маш бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, ердөө 0.0001 хувьд нь л харшлын урвал илэрч байна гэсэн үг. Тэгэхээр вакцины дараа хариу урвал өгөхөд айх хэрэггүй.

Хамгийн гол нь, харшлын суурьтай хүмүүс “Астразенека” вакцин тариулахдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. “Астразенека” вакцин илүү хариу урвал үзүүлж байна гэдэг буруу ойлголт. Энэ бол маш сайн вакцин. “Астразенка”, “Спутник V” бол ижил төрлийн вакцин. Тиймээс адилхан үр дүнтэй.

-Гэхдээ “Монголд ОХУ болон Англи улсад үйлдвэрлэсэн вакцин илүү тохиромжтой” гэж та өмнө нь хэлж байсан. Хэдийгээр манай улс татан авсан вакцинуудыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн ч монгол хүний биеийн онцлогт тохирох эсэх талаар хийсэн судалгаа бий юу?

Хүн төрөлхтөн Сovid-19-ийн эсрэг вакцин гарган авлаа. Англи, ОХУ-ын вакцин гэж хэлсэн нь “Астразенека”, “Спутник V” юм. Энэхүү векторийн вакцинуудыг хүн төрөлхтөн хэрэглээд 40, 50 жил өнгөрч, үр дүнтэй нь тогтоогдсон. Тиймдээ ч вакциныг зөөвөрлөх, хүйтэн хэлхээний горимд хадгалж эцсийн хэрэглэгчдэд хүргэх нь Монгол Улсын вакцины дэд бүтцэд илүү ойр учраас тохиромжтой гэж хэлсэн. Өмнөд Солонгос, Хятадад боловсруулж буй сулруулсан вакцин буюу тухайн вирусийг химийн аргаар боловсруулж, үхүүлсний дараа тодорхой уургийг нь цэвэршүүлж гаргаад хүнд тарьж байна.  Энэ аргаар гарган авсан вакциныг хүн төрөлхтөн 100 гаруй жил хэрэглэсэн. Харин “Файзер” болон “Модерна” компанийн генетекийн вакциныг хүн төрөлхтөн анх удаа хэрэглэж байна. Өмнө нь хүн төрөлхтөн энэ төрлийн вакцин хэрэглэж байгаагүй. Гэхдээ маш өндөр үр дүнтэй буюу 95 хувь байна. “Астразенека” вакцин болон “Спутник V” векторийн вакциныг хүн төрөлхтөн хэрэглэвэл маш сайн. Эдгээр вакциныг хадгалах, зөөвөрлөх хүйтэн хэлхээний горимыг биелүүлж, эцсийн хэрэглэгчдэд хүргэх нь Монгол Улсын вакцины дэд бүтцэд ойр тохирсон.

Ер нь монгол хүний биеийн онцлогт тохирсон вакцин гэж байхгүй. Хүний бие организм, дархлаа судлалын онцлог нь бие биеэсээ ялгарах онцгой шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр хүний дархлааны тогтолцоо, вакцины хариуд үзүүлж буй хариу урвал ижилхэн.

-Манай улс ирэх долдугаар сар гэхэд халдварын эсрэг дархлаажуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Вакцинжуулалтыг эрчимжүүлсэн ч  эмч, мэргэжилтнүүд болгоомжтой хандаж, олон үе шаттай вакцинжуулалт зохион байгуулж байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

Дэлхий нийт хүн амыг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулах нь зөв гэсэн бодлого баримталж байна. Манай улсын хувьд ирэх долдугаар сард хүн амаа вакцинжуулж дуусгана гэсэн нь төлөвлөгөө шүү дээ. Бодитоор харвал энэ нь боломжгүй.

Энэ хурдаараа (хоногт 15 мянган хүн) Монголын хүн амыг вакцинжуулна гэж тооцвол 6-7 жил шаардлагатай. Дээр нь вакцинжуулалт энэ хурдаараа удаашралтай байвал дөрөвдүгээр сард өвчлөл нэмэгдэнэ гэж харж байна. Процессын хувьд тариа л тарьж байна. Энэ нь тусгай мэдлэг шаардсан ажил биш. Хаана ч вакцинжуулалтыг зохион байгуулж болно.

Хамгийн гол нь вакциныг зөв нөхцөлд хадгалж, зөв тээвэрлэсэн байх ёстой. Миний бодлоор хүн амыг дархлаажуулахад тусгай цэг байгуулж, тусгай хүмүүсийг цалинжуулах шаардлагагүй. Хамгийн гол нь вакциныг зөв хадгалсан, зөв тээвэрлэсэн, өвчтөнд тохирох тунгаар тарьсан байх гэсэн гурван л зарчим байгаа юм. Хэрвээ вакцин хүрэлцээтэй тохиолдолд шүү дээ. Одоогоор манай улсад вакцины хүрэлцээ хангалтгүй байна. Татан авсан вакцинуудаа тооцвол одоогоор нийт 235 мянган хүнд л хийх вакцин байна шүү дээ. Хүн амын арван хувьд ч хүрэхгүй байна. Үлдсэн 90 хувиа яах вэ гэдэг асуудал байна. Хэрэв ердийн амьдралын хэв маягтаа эргэн оръё гэж зорьж л байгаа бол хүн амаа маш богино хугацаанд дархлаажуулах ёстой. Хэрэв вакцин олдохгүй, тариулж чадахгүй, эсвэл вакцинаас цааргалаад байвал хөл хорио, хилээ нээх асуудал хойшлогдсоор л байна гэсэн үг.

-Хувийн компаниуд вакцин оруулж эхэллээ. Энэ талаар та юу хэлэх в э?

-Аливаа сайн зүйлийг дагаад сөрөг зүйл заавал гардаг. Эрдэмтэд Сovid-19-ийн эсрэг вакциныг богино хугацаанд гарган авч, хэрэглээнд нэвтрүүлсэн ч хуурамч вакцин үйлдвэрлэж, бусдад худалдаж буй асуудал ч гарч байна. Хамгийн найдвартай нь Засгийн газар хооронд хийсэн гэрээ, аль эсвэл “Ковакс” хөтөлбөрөөр оруулж ирсэн вакцин. Хувь хүн, хувийн компаниудын оруулж ирсэн вакцин хуурамч байвал яах вэ. Баталгаагүй. Цаашид хувийн компаниуд вакцин татан авч, өөрсдөө үнээ тогтоохыг үгүйсгэхгүй. Гэвч чанартай вакцин мөн үү, дархлаа тогтоож чадаж байна уу гэдэгт хариуцлага хүлээх эзэнгүй. Эрсдэл гарлаа гэхэд вакцин татан авсан тухайн компани уу, эсвэл вакцин нийлүүлсэн тухайн үйлдвэр үү, мөнгөө төлөөд вакцин тариулсан хувь хүн хариуцлагаа хүлээж, эрсдэлээ даах уу. Аль аль талдаа асуудал бий учраас хүмүүс хувийн компаниудын оруулж ирсэн вакциныг тариулахдаа маш болгоомжтой хандах ёстой.

-Вакцины эхний тунг тариулсан ч дархлал тогтохгүй гэж Эрүүл мэндийн яамнаас сануулсаар байна. Хоёр дахь тунг тариулахаас өмнө халдвар авсан тохиолдолд яах вэ. Дараагийн тунг тариулах боломжтой юу. Нөгөө талаас халдвар авснаа мэдэхгүй вакцинд хамрагдвал яах вэ?

Мэдээж вакцины эхний тунг тариулсан ч  халдварт өртөж болно. Гэхдээ айх зүйл биш. Вакцины эхний тун вирусийн бүтцийг таних мэдээллийг дархлааны тогтолцоонд таниулж, санамжийн эсүүд үүснэ. Онолын хувьд, 3-4 долоо хоногийн дараа санамжийн эсүүд үүснэ. Хоёр дахь тунг тарьснаар санамжийн эсүүд идэвхжиж, дархлал тогтоно. Хоёр дахь тунг тариулахаас өмнө халдварт өртсөн ч өвчлөхгүй. Айх хэрэггүй. Халдварт өртсөнөө мэдэхгүй вакцинд хамрагдсан ч айх хэрэггүй. Ямар ч эрсдэлгүй.

-Хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй ч хүлээлт маш их байна. Нөгөөтэйгүүр аюулгүй байдлаас шалтгаалж вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна?

Ердийн амьдралын хэв маягтаа эргэн орж, дахин хөл хорионд орохгүй гэвэл хүн амаа даруй вакцинжуулах хэрэгтэй. Вакцины хоёр тунг тариулсан тохиолдолд халдварын аюулаас айхгүй байж болно. Дэлхий нийтээр вакцин аюулгүй, дархлал тогтоох чадвартай болохыг нь баталчихаад байна. Тиймээс вакциндаа хамрагдах хэрэгтэй. Вакциныг улс орнуудаар нь ангилж, сайн муу гэж дүгнэх ойлголт иргэдийн дунд байна. Ийм ойлголт зарим эмч нарт ч бас байна.

Дэлхий дахинд вакцины үйлдвэрлэл нь хэрэглээгээ гүйцэхгүй байгаа энэ цаг үед бид вакциныг олдсон дээр нь л тариулах хэрэгтэй болохоос биш өнөөдөр дэлгүүрээс гутал, хувцас сонгоогүй. Хамгийн гол нь, Сovid-19-өөс хамгаалах нь чухал. Тиймээс аль улсад үйлдвэрлэсэн ямар төрлийн вакцин байх нь хамаагүй.

Вакцин дархлааны ой санамжийг үүсгэж чадаж байгаа нь мянга мянган судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр вакциныг сайн, муу гэж ялгах нь илүүц юм. Вакцинд хамрагдах үгүй нь хувь хүний сонголт. Цар тахлын үед та вакцинаас татгалзаж байвал халдварт өртөнө л гэсэн үг.

-Монголын эрдэмтэд Covid-19-ийн эсрэг вакцин бүтээх боломжтой юу. Бид вакцинаа өөрсдөө үйлдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ?

Covid-19 цар тахал тархсан цагаас эхлэн дэлхийн улс орон бүр халдвар илрүүлэх оношлуур бүтээх, эмчилгээний оновчтой арга боловсруулах, урьдчилан сэргийлэх вакцин бүтээх судалгаа эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь бид оношлуур, вакцин бусдаас худалдан авах тухай л бодож байна. Монгол эрдэмтэд өөрсдөө вакцин үйлдвэрлэх боломжтой. Вакцин үйлдвэрлэх технологи нь тийм ч хэцүү биш. Төрөөс эрдэмтэддээ итгэж, вакцин үйлдвэрлэх орчин нөхцөлийг нь л бүрдүүлэх хэрэгтэй.