Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан гэдгээ мэдэгдсэн.
Сургалтад хамрагдах иргэдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэлх хувь нь дипломын болон бакалаврын түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ “Бид эхний ээлжид 500 ажилгүй залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс сонгон шалгаруулж, туршилтын төсөл хөтөлбөрөө явуулна. Ирэх тавдугаар сараас үндсэн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Зургадугаар сард Ерөнхийлөгчийн соншууль болох учраас энэ хөтөлбөр маань хэрэгжихгүй. Үргэлжлүүлэн долоо, найм, есдүгээр сард гээд энэ оныг дуустал 5000 залуусыг хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жилд уг хөтөлбөрт 11.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг сургалтад хамруулж, ажил олгогчидтой холбож, залуусыг ажлын байраар хангавал нийгмийн даатгалын шимтгэлийн дэмжлэх буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон бүтэн жилийн буцаалтыг олгоно” гэдгийг хэлж байв.
Эх сурвалж: https://news.mn/r/2410654/