“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Эдийн засгаа дэмжиж эрүүл мэндээ хамгаалах” 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн дагуу тавьсан шаардлагаа биелсэн гэж үзэж байгаагаа хуваалцлаа.
Тэрээр “Монгол Улсын Засгийн Газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах” 10 их наядын цогц төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөний дагуу 42 дугаар тогтоол дээр нийгмийн даатгал болон татварын өргүй байх гэсэн шаардлага нь маш хүнд байсан. Энэ үед баялаг бүтээгчид хамгийн ихээр хохирсон өр зээлэнд баригдсан, борлуулалт тасалдсан. Тиймээс цар тахлаас болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих зээл учраас шалгуураа өөрчлөх мөн бичил бизнес болон иргэдэд зээл олгох шаардлагатай байгааг манай холбооны зүгээс Засгийн газар болон Банк санхүүгийн байгууллагуудад хүргүүлсэн.
Одоо тавьж байгаа “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцөл нь
Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: Аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл,
Батлан даалтын хэмжээ: Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл) гэж байгаа.
Зээлийн зориулалт: Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.
Зээл олгох хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ гэж байгаа. Зээлийн хугацаа нь 3 жил хүртэл байгаа. Харин хүү нь жилийн 3 хувь гэж байгаа нь ЖДҮ эрхлэгчдэд санхүүгээ дээшлүүлэх том боломж мөн арилжааны банкинд зээлийн түүхээ үүсгэх боломж бүрдэж байна. Цаашлаад банкны найдвартай харилцагч болж бага хүүтэй зээлийг урт хугацаагаар авч бизнесээ өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж харагдаж байна.
Ийнхүү шийдвэр гаргагч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд шийдвэрээ өөрчилж эдийн засгийн хүнд нөхцөлд орсон баялаг бүтээгчдэд боломж олгосонд баяртай байна.
Эндээс харахад бидний тавьсан шаардлага 100 хувь биелэлээ. Гол нь арилжааны банкууд Засгийн газраас гаргасан дээрх шаардлагаас илүү шаардлага тавихгүй байгаасай гэж хүсч байна.
Дашрамд, Бичил болон ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдлыг ойлгож бидний шаардлагыг хүлээн авсан МУ-ын Засгийн газар болон банк санхүүгийн байгууллагуудад Монголын мянга мянган баялаг бүтээгчдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.