Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2021.03.04/ уулзлаа
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.
Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: “Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед банкны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа.
Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.
Энэ хүрээнд
– Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/
– Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх
– Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх
– Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.
Эх сурвалж : https://mass.mn/