Засгийн газраас хүнд нөхцөлд орсон ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг хадгалах зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Арилжааны банкууд, Зээлийн батлан даалтын сан, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг арилжааны банкууд аваад эхэлсэн.
Гэвч “Эдийн засгийн бүхий л цаг үед Жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ тууштай дэмжиж, санхүүгийн найдвартай түнш нь байна” гэж хэлдэг Арилжааны банкуудын зээл олгох шалгуур нь бодит амьдрал дээр Жинхэнэ ЖДҮ эрхлэгч авах боломжгүй , хэт өндөр байгаа талаар HD МОНГОЛ телевизийн Тодруулга мэдээгээр ярилцлаа.
Дашрамд дурьдахад зээл авах шалгуурт 2019, 2020 онд Татварын болон НДШ өргүй, Икс тайлан мэдүүлээгүй байх гэсэн заалт нь өөрөө бүтэн жил гаруй хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй байсан нийт аж ахуй нэгжүүдийн 75 хувийг зээл авах боломжгүйд хүргэж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 2020 оны 12 дугаар сарын сүүлээр хийсэн “Ковид ба ЖДҮҮ” жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөл хорионы үеийн судалгаанд оролцогчдын 75 хувь нь 2020 онд Ковидоос шалтгаалж Икс тайлан мэдүүлсэн гэж гарсан. Тэгэхлээр чихэнд чимэгтэй, итгэлийн дөл бадраасан шийдвэр гарч байгаа боловч харамсалтай нь бизнес эрхлэгчид зээл авахыг хүссэн ч ихэнх жижиг дунд үйлдвэрлэгч банкнаас тавигдах шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэдгийг хэлж байгаа юм.