Монгол улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, үүнээс Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор тусгажээ.
Тэрхүү мөнгө жинхэнэ эзэддээ очоосой гэж бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн хүсч байна. Учир нь ЖДҮ-ийн салбар хамгийн их ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулдаг билээ. Яг үүнтэй холбоотойгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос Засгийн газраас олгох 2 их наядын зээл санхүүжилтыг Жижиг, дунд үйлдвэрлэлд олгоно гэж байгаатай холбогдуулаад CLUBHOUSE дээр цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээр нийт давхардсан тоогоор 25000 гаруй хүмүүс оролцож санал бодлоо хэлсэн.
Тэдгээр жижиг, бичил бизнес эрхлэгчдээс ирсэн саналуудын дийлэнх хувийг аж ахуй нэгжүүдэд тавигдах шаардлага, Зээлийн батлан даалт болон зээл олгох нөхцөл шаардлага уян хатан байх хэрэгтэй гэсэн хүсэлтүүд ирсэн юм. Уг хүсэлтүүдийн дагуу “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны төлөөллийг Зээлийн батлан даалтын хорооны бүрэлдэхүүнд оруулж, хамтран ажиллахыг хүслээ.