Нийгмийн даатгалын шимтгэл энэ жилээс эхлэн хоёр хувиар нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар цар тахалтай холбоотой хувийн хэвшлийнхний НДШ-ийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хөнгөлсөн. Гэвч төрийн албан хаагчид цалингаасаа нэмэгдсэн дүнгээр татвараа төлж эхэлсэн. Хэдийгээр одоогийн байдлаар энэхүү шимтгэлийг хувийн хэвшлийнхнээс хөнгөлөөд байгаа ч долдугаар сараас хойш яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Учир нь цар тахлын улмаас дэлхийн томоохон эдийн засагтай улсын ДНБ агшиж, ажлын байраа алдаж томоохон хямралын өмнө дэлхий нийт нүүр тулж байна. Ийм эгзэгтэй үед НДШ нэмж, хямарсан эдийн засгаа улам дэвслэх үү. Энэ талаар тар цахалтай үед сошил орчинг ашиглан цахим хэлэлцүүлгийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-нд Clubhouse апп-д хийлээ.
Хэлэлцүүлгийн Зочин Speaker-үүдээр Эдийн засагч, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Л.Оюун, Харвардын Их Сургуулийн төгсөгч, “Глобал Удирдагч Их сургууль”-ийн захирал Бархүүгийн Отгонбат , Онч шийдэл ТББ-ын захирал, Хуульч Erdene-Ochir Ulzii , “U Travel ХХК захирал, бизнес эрхлэгч UdvalTsetseg Khorloo , Хөгжлийн төлөөх судалгааны төвийн захирал Punsaa Dulamsuren нар оролцов. Хэлэлцүүлгийн Модератороор ”Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор (Ph.D), Профессор Davaabayar Chimiddorj ажиллалаа.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч доктор, профессор Ч.Даваабаяр: Хэдийгээр долдугаар сарын 1-н хүртэл ус, тог , хогны мөнгөнөөс чөлөөлж өгсөн ч түүний дараагаас яах вэ?
Холбооны зүгээс оны эцэст судалгаа хийж үзэхэд бизнес эрхлэгчдийн 98,6 хувь нь маш хүнд байна гэж хариулсан. Үүнээс банкны , банк бусын, ломбардны гээд бүгд маш өндөр хүүтэй давхар зээлтэй. Гэтэл дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмчихлээ.
Хэдийгээр долдугаар сарын 1-н хүртэл ус, тог, хогны мөнгөнөөс чөлөөлж өгсөн ч түүний дараагаас яах вэ. Яваандаа асуудал үүсгэхээр байгаагаас одооноос ярьж, сануулах хэрэгтэй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгааг харахад олон улсын эдийн засаг бас унажээ. Ганцхан Хятад улс эерэг үзүүлэлттэй, бусад томхон эдийн засагтай бүх улсын Засгийн газар ажлын байр хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна.
Олон улсын валютын сангийн судалгааг харахад шинэ ажлын байр гаргах тооцоо ойрын 10 жилд байхгүй байна. Тэгэхээр урт хугацаагаар харж, эрсдлийн менежментийг шийдвэрлэх нь зүйтэй. Манай улсын хувьд ажлын байр байхгүй болсон. Борлуулалтгүйгээс бэлэн мөнгөний урсгалгүй болсон байна. Ажилгүйдэл ихэснэ гэдэг нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ гэсэн үг. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал 1930 оны хямралын хэмжээ рүү дөхөж явна гэдгийг олон улсын эдийн засагчид хэлж байна. Нөхцөл байдал аюултай байна. Мэдээж хүний эрүүл мэнд чухал . Вакцинжуулалт энэ жилжин болно. Үүний дараа эдийн засгаа сэргээнэ гэвэл хэцүүднэ.
“Глобал Удирдагч сан”-гийн үүсгэн байгуулагч Б.Отгонбат: Нийгмийн даатгалын сангийн бүтцийг өөрчилж, улс төрийн нөлөөллөөс гаргах хэрэгтэй
Нийт бизнес эрхлэгчийн 77 хувь нь ЖДҮ, ажиллах хүчний 72 хувийг энэ салбар бүрдүүлж байгаа юм. Гэтэл тэдний 57 хувь нь санхүүгийн эх үүсвэргүй гэсэн судалгаа гарчээ. Одоогийн нөхцөлд нийгмийн даатгалын сангийн бүтцийг өөрчилж, улс төрийн нөлөөллөөс гаргах хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нэг байна. Үүнийг хувийн хэвшил рүү шилжүүлж, нийгмийн даатгалын хөгжлийн сан хэлбэрээр хөгжүүлэх, хариуцлагажуулах, хувийн хэвшлийнхний хяналтанд өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгал гэдэг зөвхөн ажилгүй болохоороо хэдэн төгрөг авдаг сан биш л дээ. Иргэн хүн ковидын үед ямар тэтгэмж авах боломжтой байна. Бизнес ямар тэтгэмж авах вэ гэхчилэнгээр хөгжүүлж, хувийн хэвшлийг оролцууулах хэрэгтэй байна.
Хуульч Ө.Эрдэнэ –Очир: Нэгэнт хоёр хувийн шимтгэл бүх ажилтнаас татагдаад эхэлвэл буцаах боломжгүй болно
Төрөөс шимтгэлийг хоёр хувиар нэмээд, нийгмийн даатгалын сан мөнгөтэй болно гэж бодсон бол алдаа болно. ААН-үүд НДШ-ийн өглөгөө төлөөгүй байна гээд алданги акти тавина. Хуримтлагдсан өр үүснэ. Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар буцаад ажил олгогчдоо дарамтална. Ковидын онцгой үед байна. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх арга зам байгаа шүү дээ. Улс төрчид малчид, тариаланчидаа ч гэдэг юм уу шимтгэл төлөөгүй ч жил бүр тэтгэвэрт гаргана гэсэн тоглолт хийдэг учраас өнөөдөр НДС-д алдагдал үүсээд байгаа. Үүнийг улс төрөөс холдуулах хэрэгтэй.
Бүх татвар, шимтгэлийг долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Түүнээс цааш иргэдийн цалингаас шимтгэл татагдаад эхэлсний дараа хоёр хувийн шимтгэлийг буцаах талаар ярьвал үр дүнгүй болно.
Иймээс л сонгуулийн үеэр улс төрчдийн чих зөөлөн байгаа дээр энэхүү нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй.
Бизнес эрхлэгч Х.Удвалцэцэг: Татвар шимтгэл үе шаттайгаар нэмдэг ч өгөөжтэй байдал нь ойлгомжгүй байна
Үе шаттайгаар нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувь болгон нэмж байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал. Нуруун дээр улам их ачаалал нэмчихээд үр өгөөжийн тал нь 0 байгаа. Төр засаг авахын тулд л байгаад байдаг. Гэтэл өгөөжтэй байдал нь ойлгомжгүй байна. Арилжааны банкинд яагаад НДС-ийн мөнгө байршуулаад, 340 тэрбумыг ганц банк авчихаж байгаа юм бэ. Ковид намжих ч татвар нэмэгдсэнээрээ үлдэнэ. Гэтэл ковидын дараах эдийн засаг эргээд хэвийн байдалдаа орох уу. Олон улсын эрдэмтдийн үзэж байгаагаар хэвийн байдалдаа ортол 7,4 орчим жил хэрэгтэй гэж байгаа. Төр засаг бидний төлөө байгаад хамтдаа зөвлөлдөөд, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх гэж байна шүү. Нэмж болж байна уу үгүй юу гэж зөвлөөгүй. Гэтэл энэ хуулийг баталж байгаа хүн нь яг НДШ төлж үзсэн байдаг ч юм уу. Биднээс яагаад санал авалгүйгээр НДШ нэмж байгаа юм бэ. Нэг талдаа нэмээд байвал төсөв бүр алдагдах магадлалтай. Нэг дарга нь гарч ирээд бидний нуруун дээр ачаа нэмж байгаад гомдолтой байгаа юм.
Иргэн н.Лхагвадулам: Насаараа нийгмийн даатгал төлчихөөд насны эцэст 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн олон байна
Ажил эрхэлж байгаа хүний хувьд их эсэргүүцэж байгаа. Шийдвэр гаргагчид даатгал төлөгч нартайгаа яагаад зөвшилцөж болдоггүй юм. Нэг сайд нь гарч ирээд л шууд татвар, шимтгэл нэмж болохгүй шүү дээ. Насаараа нийгмийн даатгал төлчихөөд насны эцэст 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн олон байна. Иймээс нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Ийнхүү өнөөдөр ажилтан, ажил олгогч, эдийн засагч талуудын оролцоотой НДШ хоёр хувийн нэмэгдэлтэй холбоотой хэлэлцүүлгийг амжилттай хийлээ. Дараагийн удаад төрийн оролцоотой хэлэлцүүлгийг хийн нэгтгээд холбогдох байгууллагад саналаа хүргүүлэхээр боллоо.