Засгийн газрыг гишүүдийг томилох чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ААН-үүдийг дэмжихэд хамгийн түрүүнд ямар ажил хийхийг Сангийн сайдаас асуув. Тэрбээр “Сангийн байдыг, Ерөнхий Сайдыг ч ялгаагүй том зүйл хүлээж байгаа. ААН, иргэд орлогогүй болсон. Юунаас шалтгаалж ийм болсон нь хамаагүй, төр дэмжих ёстой. Бүх улс төсвийн бодлогоор дэмжиж байгаа. Б.Жавхлан гишүүн сайн мэдэж байгаа. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк маш сайн хамтарч ажиллах ёстой.
Мөн ЖДҮ-ийн салбарыг улстөрчид болгон амандаа ярьдаг боловч хийдэггүй юм. Гарч ирж байгаа сайд болгон ярьдаг ч огт хийдэггүй. Та сайн мэдэж байгаа. Энэ салбарыг алдаа мадагтай гээд хойш хаях биш ажлын байр хадгалагддаг гэдгийг сайн санаж, дэмжих ёстой. Энэ бол төрийн үүрэг. Үүргээ биелүүлэх ёстой. Энэ талаар төсвийн ямар бодлого барьж ажиллахыг асуув.
УИХ-ын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан “Бидэнд тулгарсан хамгийн том асуудал бол эдийн засгийн цусны эргэлт зогсочихоод байгаа юм. Энэ нь ААН, ЖДҮ-ийн салбарт хамгийн хүнд тусаж байгаа нь гарцаагүй зүйл. ЖДҮ бол хамгийн их ажлын байр шингээдэг эдийн засгийн бүтэц байдаг. Төрийн бодлого ийшээ чиглэж, олон чухал бодлогоос хоцрохгүй байх нь чухал.
Гурван чиглэл баримталвал цаашаа явах болов уу гэж бодож байна.
2020 оны хоёрдугаар улиралаас эхлэн эдийн засгаа аварч гарахад чиглэсэн УИХ-ын олон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр бий. Ийм шийдвэрүүд багадаагүй. Хамгийн гол нь эдийн засагтаа хүртээмжтэй байж, үр дүнтэй, байгаа оносон байх ёстой хэрэгжилтийн шатандаа учир дутагдалтай байна уу гэж харж байна. Тиймээс үүнд онцгой анхаарч ажиллана.
Таны сая тодруулж асуусан ААН, ЖДҮ-үүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, Ковид-19-ийн үеийг хохирол багатай даван туулахад төсөв, мөнгөний бодлого онцголй уялдах шаардлагатай байна. Зөвхөн төсвийн бодлогоор үүний цаана гарч чадахгүй гэдэг нь тодорхой харагдсан. Татварын хөнгөлөлт, зээл, хүү тойрсон хөнгөлөлтүүд гээд л зөндөө арга хэмжээ авлаа. Тэглээ гээд ч дорвитой үр дүн гарахгүй байгаа. Тиймээс татварын бодлогоос гадна банкны системийн мөнгөний урсгалаар дамжуулж эдийн засгаа хөл дээр нь босгох, цаашлаад сэргээх бодлого хэрэгжүүлнэ гэж бодож байна.
Энэ бүхэн зөвхөн Сангийн яамны шийдвэрээр биш Засгийн газрын бодлогын төвд байж, танхимаараа энэ асуудлуудыг яаралтай шийдээд явна гэж бодож байна.
Банкны системд бөглөрчихөөд байгаа найман их наяд төгрөгийг эдийн засагт шахаж оруулахад бодож байгаа зүйлүүд бий. Гэхдээ одоо энд ярихад хараахан эрт байна. Урьдаар танхим дээрээ ярилцаж байгаад Засгийн газрын шийдвэр болгож, дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
ЖДҮ-ийн салбарын асуудал дээр та бид хоёр гадаад, дотоодын олон туршлага судалж, хуулиа ч хамтарч баталж байсан.
ЖДҮ-ийг санхүүжүүлэх схемийг цаашдаа дахиад өөрчлөх хэрэгцээ бий. Улс төрөөс, төсвөөс аль болох холдуулах хэрэгтэй байгаа юм. Хэт хамааралтай байвал төсөв хүндрэхэд санхүүжилт нь зогсчихдог. Улс төр, төсвөөс ангид байх олон сайн туршлага бий. Хамгийн ойрын жишээ гэхэд Казахстан улсын ЖДҮ-ээ санхүүжүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн схем байдаг. Тиймээс хууль эрх зүйн орчныг энэ чиглэлд хийх ажил ч явагдах болов уу гэв.