Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Эдийн засгийн идэвхийг хангадаг мөнгөний эргэлт жирийн үеийнхээс гурав дахин багассан байгаа бөгөөд энэ чигээрээ үргэжлэх аваас энэ оны хоёр, гуравдугаар улиралд эрүүл мэндийн арга хэмжээгээ ч авч хэрэгжүүлэх санхүүжилтгүй болж туйлдах эрсдэлтэй байгааг Сангийн сайд онцоллоо. Тиймээс өнгөрсөн хугацаанд хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чиглэж байсан Ковид-19-ийн эсрэг бодлогод шилжилт хийж, эрүүл мэнд, эдийн засгаа зэрэгцүүлэх авч явахаас өөр аргагүй болсон тул Засгийн газар бодлогын шилжилт хийж байгааг тэрбээр мэдээллээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Хоёрдугаар сарын 10-нд Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах 10 их наяд төгрөгийн багц төлөвлөгөө танилцуулсан. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааны дараа төлөвлөгөөг нарийвчлан танилцуулах ба ингэснээр эдийн засгийн салбар бүрд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийнхөө аж амьдрал, бизнесийг төлөвлөх боломжтой болно” гэлээ.
Мөнгөний нийлүүлэлтийг дэмжихийн тулд юуны өмнө Монголбанк ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Сангийн сайдын хэлснээр өнгөрсөн оны 12 дугаар сард зургаан хувийн хүүтэй нийт 1200 ипотекийн санхүүжилтэд 95 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь ипотекийн санхүүжилтийг зургаан хувь болгосноос хойш гаргасан хамгийн их дүнтэй санхүүжилт болсон байна. Тиймээс цаашид энэ чигээрээ үргэлжлээд явах боломжтойг Монголбанкны зүгээс илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр, манай улсад жилд 15 орчим мянган шинэ орон сууц ашиглалтад орж байгаагийн 12 мянга нь ипотекийн зээлийн журамд заасан талбайн хэмжээг хангадаг байна. Тийм учраас ипотекийн зээл авах боломжтой худалдан авагчдыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтвортой хадгалах нь чухал аж.
Түүнчлэн Монголбанкнаас хэрэгжүүлж буй 250 тэрбум төгрөгийн репо санхүүжилт ирэх хоёр жилд хоёр их наяд төгрөг болж нэмэгдүүлж, хугацааг нь хоёр жил болгон уртасгажээ. Ингэснээр одоо банкны системд гацаад буй мөнгийг эдийн засаг руу оруулах нэг суваг нээгдэнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв.
Харин энэ сарын 23-нд хорио цээр дуусмагц ЖДҮ-ийг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээлийг олгохоор эдийн засаг, санхүүгийн дэд бүтцийг хангах бэлтгэл ажлаа хангаж буй аж. Гэхдээ энэхүү хөнгөлөлттэй зээлийг ЖДҮХС-аар бус банкуудаар дамжуулан олгох юм байна. Эргэн сануулахад, өнгөрсөн сарын 29-нд болсон шинэ Засгийн газрын гишүүдийг томилох УИХ-ын чуулганы үеэр Сангийн сайд Б.Жавхлан цаашид ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг төсвөөс хараат байдлыг болиулж, санхүүжилтийн өөр схемд шилжүүлнэ гэдгээ хэлж байсан билээ.
Хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК дээр бэлэн болсон томоохон мега төслүүд, байгалийн хий дамжуулах хоолой, Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Монголын талын хөрөнгө оруулалтуудыг дэмжих зэрэг арга хэмжээг яаралтай авахаар ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.