ШУУД ҮЗЭХ

Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй “Ковид-19” цар тахал нь манай улс төдийгүй дэлхийн улс орны хувьд эдийн засгийн хүнд цохилт болсон.

Харин манай улсын хувьд хөл хорио тогтоосноос хойш эдийн засгаараа уналтад ороод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Ялангуяа аж ахуй нэгж, ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны цомхтгол хийж, ажилчдынхаа цалин хөлс тавьж чадахгүй, зээлийн хүү төлбөрийн асуудалтай нүүр тулсан. Бид эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгаа ЖДҮ эрхлэгч нарын төлөөлөл,   Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

– 2020 онд жижиг дунд үйлдвэрлэлийн салбар дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хувьд нэлээд хүндрэлтэй байлаа. Харин таны хувьд 2020 оныг бүхэлд нь дүгнэвэл ямар он болж өнгөрсөн талаарх асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхий нийтэд цар тахал гарснаас хойш бүтэн нэг жил боллоо. Өнгөрсөн жилийн яг энэ үед манай улс хилээ хааж, онц байдал зарлаж байсан тэр үеэс жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болсон гэж хэлж болно. Учир нь хоёрдугаар сарын 1-ний өдөр жижиг засварын газраас эхлүүлээд том жижиг 4800 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг анх зогсоож байсан шүү дээ. Түүнээс хойш нэг жилийн ойн дээрээ ирлээ.

-4000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьж эхлэхэд Засгийн газраас тодорхой арга хэмжээг авах чиглэл гарч байсан. Тухайн арга хэмжээнүүд жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулагдсан боломжийн шийдвэр байж чадсан уу?

-Тухайн үед гаргаж байсан шийдвэрүүд ЖДҮ эрхлэгчдэд дэм болсон. Ажилчдын нийгмийн даатгал,  татвар зэргийг хөнгөлж байсан нь цагаа олсон, сайн шийдвэрүүд байсан. 2020 оны арван нэгдүгээр сарын 11-ны өдөр хатуу хөл хорио тогтооход гаргасан шийдвэрээс өмнө нь гаргасан эдгээр шийдвэрүүд  амьдралд илүү ойр шийдвэр байсан гэж харж байгаа. Харин энэ удаад хатуу хөл  хорионд оруулж, зэрэглэлээ нэмсэн хирнээ үзүүлж буй дэмжлэ үүд нь буурчихсан. Энэ талаарх судалгааг хийхэд ч үр дүн тааруу байсан.

-“ЖДҮ-ийн үйлчилгээ эрхлэгчдийн  “ковид-19”  цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал” хэмээх судалгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хийсэн байна. Энэ судалгаанд 2020 оны явцыг хэрхэн дүгнэсэн бэ?

-Ер нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгамддаг нэн чухал асуудал нь санхүүгийн бэрхшээл байдаг. Түүнээс гадна борлуулалт, ажлын байр  гэх мэтчилэн асуудал бий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай салбар огт хөгжөөгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тодорхой хэмжээгээр ажлын байрыг хадгалах байдлаар өнөөдрийг хүртэл явж ирсэн ч төр засгаас олгож буй хөнгөлөлт нь жижиг дунд үйлдвэрлэлд хангалттай биш. Амсуулах төдий явсаар ирлээ. Эрх бүхий хүмүүс давуу эрхээ ашиглан ЖДҮ-ийн авах ёстой зээлийг өөрсдийн хамаарал бүхий компанид авсан, зориулалтын бусаар ашигласан, банк санхүүгийн байгууллагад шилжүүлж мөнгө угаасан гэх асуудлыг АТГ-аас мэдээлж байсан. Үндсэндээ ард түмэн ЖДҮ гэдэг ямар чухал салбар болох, энэ салбарт ямар их эрхзүйн баримт бичиг байдаг,  жилд  хэчнээн хэмжээний мөнгийг төсөвлөдөг гэх мэтчилэн энэ салбарын талаар 2018 оноос  хойш мэдээлэл сайтай болсон. Тэр олон тэрбум төгрөг нийслэл болон хөдөө орон нутагт төсөл, сонгон шалгаруулалтын дагуу хуваарилагддаг гэдгийг мэддэг болсон. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 800 орчим тэрбум төгрөг ЖДҮ-ийн салбарт орсон байна. Түүнийгээ дагаад хэчнээн үйлдвэрлэл  бий болж,  хэдэн хүн ажлын байртай болов гэдэг үр дүн чухал. Гэтэл үр дүн төдийлөн сайн байсангүй. Яагаад гэвэл, ЖДҮ-ийн салбар олон  яамны харьяанд явж ирсэн. ЖДҮ-ийн газрыг татан буулгасан ч  өнгөрсөн жил дахин сэргээлээ. Тэгсэн атлаа өөрийн гэсэн байргүй, төсөвгүй байна. ЖДҮ-ийн санд 2020, 2021 онд нэг ч төгрөг төсөвлөөгүй шүү дээ.   Тэгэхээр энэ салбар яаж явах вэ. Өмнө нь хэлсэнчлэн ЖДҮ эрхлэгчдийн хамгийн том асуудал нь санхүүжилт байдаг. Гэтэл санхүүжилтийг нь шийдээгүй учраас энэ салбарыг дэмжинэ гэж ярих нь өрөөсгөл болчхоод байгаа юм.  2020 онд ЖДҮ-ийн салбар өөрсдийн гэсэг агентлагтай болсон ч гэсэн бусад талаараа онц зүйл байсангүй. Тийм учраас баялаг бүтээгчид “ковид 19” эхэлсэн цагаас хойш бүтэн жилийн  хугацаанд бүсээ чангаллаа. Үйл ажиллагааг нь хориглосон ч гэсэн төр засгийн шийдвэрээ биелүүлж нээсэн үед нь ажиллаж, аль болох ажилчдаа орлоготой байлгахыг хичээсээр хүнд хэцүү үеийг тууллаа. Бид ЖДҮ-д “ковид-19” хэрхэн нөлөөлөв гэдэг нөлөөллийн тоон судалгааг хийсэн. Судалгаа хийх болсон шалтгаан нь хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулах явцад ЖДҮ-ийн нөхцөл байдал хүндэрсээр байгаа нь харагдсан юм. Үүнээс үүдэн салбарынхаа судалгааг хийх хэрэгтэй юм байна гэж үзээд  энэ ажлыг хийсэн л дээ. Өнгөрсөн онд МҮХАҮТ-аас томоохон аж ахуйн нэгжид таван удаа судалгаа хийсэн юм билээ.  Мөн “Фридлэх эвэрти” сангаас бичил  бизнес эрхлэгчдийн дунд судалгааг  хийсэн. Энэ хоёр дээр нэмээд манайхтай нийлээд нийт гурван судалгаа хийгдсэн гэсэн үг. Үндсэндээ томоохон аж ахуй нэгж, бичил  бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч гэсэн макро болон микро төвшний бүх бизнес эрхлэгч нарыг хамруулж судалгаа хийсэн. Улмаар тэдэнд 2020 онд эдийн засгийн хувьд ямар хэмжээнд нөлөөлсөн гэдгийг  энэ судалгаанаас харахад л мэдэгдэнэ.  “Фридлэх эвэрти” сангийн  судалгаа тоон байхаас гадна чанарын судалгаа байсан бөгөөд үүнд 4800 гаруй аж ахуйн  нэгжийг хаахад хамгийн түрүүнд өртсөн өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, өрхийн орлогоор  амьдралаа  залгуулдаг хүмүүс хамрагдсан. 

-Судалгаанаас харахад үйл ажиллагаа нь нэлээд доголдож, ажлын байраа цомхтгох, цалин хөлс хасах, зээлээ төлж чадахгүйд хүрэх гэх мэтчилэн олон бэрхшээл тулгарчээ. Гэхдээ танай судалгаанд энэ асуудал баттай эсэхийг хэрхэн дүгнэсэн юм бол?

-Танхимын судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 96 хувь нь “маш хүнд”, эсвэл “хүнд байна” гэж хариулсан байсан.  Харин манай судалгаанд 98 хувь нь “эдийн засаг маш хүнд байна,  ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байна,  ажлын байраа хадгалахад хүндрэлтэйгээс гадна зээлийн хүүгийн асуудал хүнд байна” гэдэг асуудлыг хөндсөн байсан. 

-Зээлийн эргэн төлөхөд хүндрэлтэй байсан учраас долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ бодит дэмжлэг байж чадсан уу?

-Зээл авсан аж ахуйн нэгжүүдэд бодитой дэмжлэг болж чадсан ч  зээл аваагүй маш олон аж ахуйн нэгжүүд бий. Монгол Улсын үйлдвэр үйлчилгээний салбар нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангадаг том салбар. Гэтэл ЖДҮ-ийн сангийн  сонгон шалгаруулалт олон шат дамжлагатай учраас тэдний маш цөөхөн хэсэг нь зээл авч чаддаг. Сангаас зээл аваагүй хүмүүс нь банк болон банк бус санхүүжилтийн байгууллага, ломбард,  хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг. Энэ судалгаанаас харахад ч ихэнх нь давхар зээлтэй байсан. Аж ахуйн нэгжээс гадна ажилтнууд  зээлтэй байгаа нь судалгаанаас харагдсан. Зээлээс зээлийн хооронд аж ахуйн  нэгж,  тэдгээрийн ажилтнууд амьдарч байна. Бүгд л  өр, зээлийн  цагирагт орчихсон. Манай улс дэлхийд байхгүй зээлийн өндөр хүүтэй орон шүү дээ. Хотынхон ч гэлтгүй малчид ч зээлтэй учраас олон хүнд өр зээлний асуудал маш хүнд байгаа. Судалгаанаас харахад ЖДҮ-ийн  55 хувь нь бидний бизнест хүнд нөлөөлсөн гэж хариулсан. 55 хувь гэдэг нь тал нь байгаа биз. Хятадын Ухань хотод цар тахал тархсанаас хойш 6 сарын дараа тус улсын эдийн засаг нь хүндэрч эхэлсэн гэдэг судалгаа бий. Тэгэхэд манай улсад дотоодод халдвар гарснаас хойш дөнгөж хоёр сар болж байхад ямар байгаа билээ. Миний харж байгаагаар долдугаар сарын 1-н хүртэл гайгүй байх. Яагаад гэвэл хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөг болгож,  бусад тэтгэмжийн  хэмжээг нэмсэн, цахилгаан дулаан, усны төлбөрийг тэглэсэн учраас ингэж хэлж байгаа юм. Харин долдугаар сараас хойш яах эсэх нь тодорхойгүй байна. Уг нь төр засгаас цаашид ямар арга хэмжээ авах талаарх төлөвлөгөөгөө гаргаад, хэрвээ байдал хүндэрвэл ийм арга хэмжээ авна,  ард иргэд анхааралтай байгаарай гэдгийг сануулах хэрэгтэй. Хэрвээ болохгүй бол хоёрдугаар Б төлөвлөгөө байна. Төсөвт  тэдэн төгрөг байгаа, түүнийгээ тийм, тийм зүйлд зарцуулна гэх мэтчилэн цар тахлыг давж гарахын тулд хэд хэдэн стратегийн төлөвлөгөө манай улсад байх ёстой. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй,  хааж,  нээгээд л олон аргаар үзэж байна шүү дээ. Энэ нь 2020 онд хангалттай бэлтгэл хийгээгүйн гай. Тэр үед бэлтгэл хийгээд, төлөвлөгөөний дагуу явсан бол өнөөдөр арай өөр төвшинд байх байлаа. Судалгаанаас харахад ч цаашид яах нь мэдэгдэхгүй байгаа учраас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч тодорхойгүй байна. Тиймээс  төр засгийн шийдвэр тодорхой байх ёстой гэдгийг дахин дахин хэлье.  Нэг зүйлийг онцолж хэлэхэд 2020-2021 онд ЖДҮ-ийн санд нэг ч төгрөг төсөвлөөгүйг огт ойлгохгүй байна. 2020 онд бид цар тахалтай хамт амьдраад ирлээ. ЖДҮ эрхлэгчид хэцүү байгааг мэдсээр байж, санд нь хөрөнгө мөнгө төсөвлөөгүй. 2021 оны төсөвт ч байхгүй. Яагаад төсвөө тодотгож болохгүй гэж. 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан шүү дээ.  Гэтэл зарим шинээр баригдах байгууламж, засвар хийх барилгуудыг хойшлуулах,  царцаах боломж бий. Гэтэл ард түмний төлөө эдийн засгийн эргэлтэд нь мөнгө хэрэгтэй байна. Төсвөө тодотгоод ЖДҮ-ийн санд  мөнгө тавих хэрэгтэй. 

-ХХАА-н сайдаас төсвийн тухай асуухад зээлийн эргэн төлөлтөөр санхүүжилтээ бүрдүүлээд,  тухайн аж ахуйн нэгжид олгоно гэж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зээлээ эргэн төлсөн аж ахуйн нэгж  маш цөөхөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн эдийн засгийн хямралтай холбоотой гэж зарим аж ахуйн нэгж тайлбарласан л даа. Нөгөө талаас зээл авахаар хүсэлт гаргасан маш олон аж ахуй нэгжүүд бий. Өнөөдрийн  хилээ хаасан ийм нөхцөлд дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал болчхоод байна шүү дээ?

-Цар тахал гарсан энэ үед хүний эрүүл мэнд нэн тэргүүний асуудал. Хоёрдугаарт эдийн засаг маш чухал. ЖДҮ-дээ төлөөлөөд ярихад, цар тахал гарсан нь аюултай үзэгдэл боловч нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ босгож ирэхэд боломжтой цаг хугацаа. Монголчууд бид өөрсдөө ч үндэсний үйлдвэрлэлээ босгох шаардлагатай юм байна гэдгийг ойлгож эхэллээ. Тиймээс ЖДҮ эрхлэгчид том үйлдвэрлэл эрхлэгчидтэй кластрийн системээр ажиллаж, төр засгаас бодлого, санхүүгээр нь дэмжиж байж бид цар тахалтай энэ үед дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой. Үндэсний аюулгүй байдлын хувьд ч манай улсад хэрэгтэй бодлого юм шүү.

-ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн тусламж хамгийн түрүүнд хэрэгтэй гэлээ. Өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгийг аврах гол түлхүүр гэж үзэж буй. Хөл хорио тогтоосноос хойш танай холбоо удирдах зөвлөл болон баялаг бүтээгчидтэй онлайнаар олон удаа хуралдах шиг болсон. Баялаг бүтээгчид өөрсдөө юу хүсэж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Хатуу хөл хорио тогтоосноос хойш бид 3-4 удаа цахимаар хуралдлаа. Өргөтгөсөн хуралдаан ч зохион байгууллаа. Хуралдаа эрдэмтэн, доктор,  хуульчдыг  урьж, гарц гаргалгаа юу байх боломжтой талаар ярилцаж хэлэлцсэн.  Үүнд, үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй нь өнөөдөр хэрхэн нөлөөлсөн,  санхүүжилт дутмаг байгааг түлхүү хэлж байна. Өмнө нь ЖДҮ-ийн хуулинд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ-ийн салбарт хуваарилна гэх заалт байсныг өнгөрсөн намар хүчингүй болгосон. Хэрвээ энэ заалт хүчинтэй байсан бол улсын төсвийн 10 хувь буюу жилд дунджаар 100-200 орчим тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн үйлчилгээний салбарт хуваарилах боломжтой байсан юм. 2030 он хүртэл 10 жил энэ маягаар явсан бол маш их хэмжээний эргэлтийн сантай болно. Гэтэл одоо тийм сантай болох нь битгий хэл хоосон болчихсон байна.

-Бодлого,  санхүүгийн хувьд  бодит дэмжлэг хэрэгтэй ч нөгөө талаас ковидтой  эвлэрээд явах уу эсвэл тэвчээд явах уу. Цаашид та бүхний хувьд яах шаардлагатай байна вэ?

-Судалгаанаас харахад 50 гаруй хувь нь эрүүл ахуйн дэглэмээ хангаад ажилламаар  байна гэсэн. Бусад нь бага бага хоногоор  сунгаж байхаар шууд тэг зогсолт хийгээд өвчнийг хумиад авъя гэдэг байр суурьтай байсан. Эрүүл биш бол мянга эдийн засаг яриад нэмэргүй ч, эрсдэлийн менежментийг хийж ард түмэнд зөв,ойлголтыг өгч   бүх зүйлийг тодорхой болгох шаардлага яах аргагүй бий. Тодорхой болговол  аж ахуй нэгж,  ард иргэд ч төлөвлөгөөгөө гаргаад амьдарна. Олон ч хүн энэ зүйлийг хүсэж, хүлээж байгаа. 

-Давхар зээлийн хүүгийн асуудал яригдах байх?

-Санхүүжилтийг үргэлж дагаж явах зүйл бол зээл, түүний хүү. Зээлийн хүүг буулгах тал дээр манай Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үргэлж асуудал дэвшүүлдэг. Засгийн газар, УИХ, Монгол банканд удаа дараа бичиг өгч байсан. Сүүлийн үед бодлогын хүү нэлээд бууж эхэллээ. Бодлогын хүү бууж байгаа ч зээлийн хүү буурахгүй байна. Эдийн засагч нарын ярьж буйгаар тодорхой хугацааны дараа буудаг нь мэдэгддэг гэдгийг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, оны сүүлээр гарсан шийдвэрүүд 6 сарын дараа мэдэгдэж эхэлнэ гэсэн үг л дээ. Гаднаас ирж байгаа зарим зээлийг ЖДҮ болон томоохон бүтээн байгуулалтад олгоно гэж байсан ч тэр нь арилжааны банкаар дамжихаар хүү нэмэгдэж хүрч байна. Уг нь Төрийн банк эсвэл  ЖДҮ-ийн сангаараа дамжаад бага хүүтэй хүрвэл  өнөөгийн хүнд нөхцөлд маш их нэмэр болох учиртай. Харамсалтай нь арилжааны банкаар дамжиж байгаа учраас 1 оронтой тоо руу буухгүй байгаад гол учир байна гэж хардаг.

-Шинэ он гарахтай зэрэгцээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ жил хийх ажлын төлөвлөгөөгөө томоохон ордуудаас орж ирэх санхүүжилтээс ЖДҮ-дэд чиглүүлнэ гэж мэдэгдсэн. Таны хувь  ямар бодолтой байгаа вэ?

-УИХ-ын дарга тэтгэврийн зээл  аваагүй ахмадуудад нэг сая төгрөг олгоно гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордын орлогоос ЖДҮ, томоохон бүтээн байгуулалтад зориулах талаар  мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөгийн баучер олгох санал гаргасан. Төрийн гурван өндөрлөгийн мэдэгдлээс ЖДҮ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хамгийн таалагдсан шийдвэр нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санал байгаа. Ний нуугүй хэлэхэд он гарах тэр мөч их хүлээлттэй байлаа.  Өнгөрсөн жил  он гарах мөчид тэтгэврийн зээлтэй ахмадын зээлийг тэглэх тухай хэлж мэндчилгээ дэвшүүлж байсан учраас энэ жил яах бол гэж ард иргэд хүлээж байсан. Хармагтайн ордын орлогыг  бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулах нь бас л бүрхэг байна. Гэхдээ энэ талаарх хууль дүрэм гарахыг манай манай баялаг бүтээгчид маш их харж, хүлээж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Ерөнхийлөгчөөс үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний баучер өгөх нь ч бас чухал.  Яагаад гэвэл, тэр баучераар юу авах нь тухайн хүний сонголт боловч тэр хэрээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэг хэлбэр. Эдийн засгийн  зах зээлд  мөнгөний эргэлт бий болно гэсэн үг шүү дээ. Бид онлайн хурлаараа ч энэ асуудлыг ярилцсан. 

-Яам агентлаг, Засгийн газар, УИХ-д албан шаардлага хүргүүлдэг талаар та хэллээ. Та бүхний илгээсэн албан шаардлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Одоо ковидтой холбоотойгоор албан шаардлагуудаа цахимаар явуулж байна. Ямар нэгэн байдлаар хариу ирж,  холбогдох газарт шилжүүллээ гэдэг боловч эргээд үр дүн нь мэдэгддэггүй. Холбогдох яаманд шилжиж очоод таг болчихдог. Хоёрдугаарт, биднийг олон ажлын хэсэгт оруулдаг боловч ганц,  хоёрхон удаа хуралдаад л алга болчихно. Тэгээд л ямар шийдвэр гарах гээд байгаа нь ч  тодорхойгүй болчихдог. Одоо харин УОК-ын ажлын хэсэгт орж, тодорхой шийдвэрүүд гаргаж байна. ЖДҮ эрхлэгчдээ төлөөлөөд олон санал  гаргаж байгаа ч зарим нь хэрэгжээд,  зарим нь хэрэгждэггүй. 

-2020 онд дэлхий нийтээрээ эдийн засгийн маш том хүндрэлтэй нүүр туллаа. Харин Монгол Улс энэ нөхцөл байдлаас гарахад юу шаардлагатай гэж та харж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна. Эдийн засаг хүнд байгаа ч мөнгөгүй байна уу гэвэл үгүй. Мөнгөтэй байгаа. Гадаадын зээл тусламж,  олон улсын донор байгууллагын мөнгийг зөв төсөвлөж,  зарцуулах хэрэгтэй. Тэгж байж цар  тахлыг төр засагтайгаа, ард иргэдтэйгээ хамтарч давж гарна. Гэхдээ  ковидын  халдвар гарахаа болих хүртэл манай улсын ард иргэд хэр хугацаанд тэсэх вэ гэдэг асуудал байна.  Нөгөө талаас даатгалын газрууд иргэд,  аж ахуйн  нэгжид даатгал өгч байх  ёстой. Энэ цаг үед эд ажиллаж байх ёстой байтал даатгалын сангууд нь ажиллахгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг өгдөг байх шаардлагатай байна. 

-Хөл хориог сунгах эсэх нь тодорхой бус байна. Үүнийг дагаад ЖДҮ эрхлэгчид бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шаардлага үүссэн байгаа.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос энэ чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авахаар ажиллаж байгаа вэ?

-Манай холбоо  байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд эх орныхоо дөрвөн зүг найман зовхис,  олон газраар явж салбар хороодоо байгууллаа. Сүүлийн хоёр жил төр засагтай ойр ажиллаж, хууль эрх зүйн зарим актуудыг батлуулж чадлаа. Хуулиа батлуулж, ЖДҮ-ийг дэмжих сангаа ч авч үлдлээ. Бид нэгдэж нийлээд төр засагтаа шаардлага тавьж,  дуу хоолойгоо өргөснөөр тодорхой хэмжээний амжилтад хүрлээ гэж харж байгаа. Одоо цааш үргэлжлүүлэхэд цар тахал нөлөөлнө. Улс орны эдийн засаг хүнд байгаа учраас бид шаардаад явахаасаа илүү шийдвэрүүд  нь тодорхой байвал зүгээр байна гэж харж байна даа.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.