Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенкотой ярилцлаа. Тэрбээр хилийн чанадад гацсан 830 орчим Монгол Улсын иргэнийг эх оронд нь эргэн ирэхэд гүн туслалцаа үзүүлсэн нэгэн билээ. Ийнхүү түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэж байна

-Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсанд тань баяр хүргэе. Баяр сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Гэхдээ би баярын сэтгэгдэл, хүндтэй үгийг хэлэх хүн биш болов уу. Энэ бол Монгол Улс дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын баг бүрэлдэхүүн, энэ хүртэл хамтарч ажилласан байгууллагууд, багийн хамтрагчид, бидэнд тусалж, мөр зэрэгцэн ажилласан бүх хүний шагнал. Бид бүгдээрээ хамтдаа үүнийг хийж чадсан юм.

-“Алтан гадас” одон хүртэх болсноосоо хэзээ мэдсэн бэ. Энэхүү баярт мэдээг хэнд хамгийн түрүүнд дуулгасан бэ?

-Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын өмнөх өдөр л мэдсэн. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Ковид-19” цар тахал, үүнтэй холбоотойгоор гадаад оронд гацсан монголчуудыг авчрахаар маш хурдтай, ачаалалтай ажиллаж байсан болохоор энэ баярт мэдээг илүү өмнө сонсож чадаагүй. Гадаад харилцааны яамны хамт олон надад “Алтан гадас” одонгоор шагнуулах болсон тухай мэдээлсэн. Хамгийн анх энэ баярт мэдээг хамтран ажиллагч Р.Оюунбилэгт дуулгасан. Тэр ч мөн адил “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм.

-Монгол Улсад ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Би энд ирээд хоёр жил орчим хугацааг өнгөрөөлөө. Монголд ганцаараа амьдардаг. Эхнэр, охин хоёр маань Украин Улсад суугаа. Гэр бүлийн хүн маань ч мөн адил НҮБ-д ажилладаг.

-Монголын хамгийн сайхан зүйл нь юу гэж боддог вэ. Юу таныг энэ нутагт амьдрахад хүргэсэн бэ?

-Монгол хүмүүстэй харилцах, тэдний амьдрал, түүх, эх орноо гэсэн хэчнээн сайхан сэтгэлийг нь сонсох дуртай. Түүх, уламжлал, соёлыг судалж, хамтарч ажиллахад сайхан байдаг. Орон нутаг руу томилолтоор явах юм уу, чөлөөт цагаараа хотоос гарах, хөдөө явах дуртай. Хөдөө, тал нутаг үнэхээр үзэсгэлэнтэй, бас тэнд оршин суудаг монголчууд миний мэдэх хамгийн зочломтгой хүмүүс. Жишээлбэл Улаанбаатар хотод таксинд суухад л гайхалтай хүмүүстэй таарч болно. Тэтгэвэртээ гарсан цэргийн хурандаа, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, Америкт тав гаруй жил ажиллаж байгаад улсаа хөгжүүлэхээр ирсэн залуу, Харвардыг төгссөн орос, англи хэлээр маш сайн ярьдаг нэгэнтэй ч таарч болно. Ердөө Улаанбаатарын таксины жолооч нараас гэхэд л гайхалтай хүмүүсийг олж, харж болно. Тэр хүмүүс надад маш их урам зориг өгдөг.

-Монгол дахь “Ковид-19” цар тахлын үеийн аль нөхцөл байдал нь хамгийн хэцүү санагдаж байв?

-Энэ тухай манай НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагад тодорхой асуултуудыг нэгтгэсэн, санал асуулга боловсруулсан байсан. Бид санхүү, эрүүл мэнд, гэр бүлийн, сэтгэл зүйн байдал зэрэг хэд хэдэн шалгуурыг судалсан. Харин цар тахлын үед хилийн чанад дахь монголчууд хөл хорио, хязгаарлалтын үеэр ажилгүй, орлогогүй болсон. Тэр дундаа цагаачид, хилийн чанад дахь монголчууд маш хүнд байдалд орсон юм.

-Хилийн чанад дахь монголчуудад туслах, эх оронд нь авчрах ажлыг хэрхэн зохион байгуулж гүйцэтгэсэн юм бэ?

-Монгол Улсын Элчин сайдын яам, Шилжилт хөдөлгөөний олон улсын байгууллагын төлөөлөгч нартай холбогдож, хүнд байдалд орсон, хилийн цаана гацсан монголчуудыг тодруулах, эргэн ирэхэд нь туслах чиглэлээр ажиллаж байсан. Хилийн чанадад хүнд байдалд орсон хүн Монгол Улс дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас онгоцны тийз авна. Эр орондоо ирэхэд нь ч хязгаарлалтын зардлыг бид хариуцна. Зарим тохиолдолд ажилд ороход нь ч дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Гадаад улсад удаан хугацаагаар амьдарч, манай санхүүгийн тусгай хөтөлбөрт хамрагдсан улсуудаас буцаж ирж байгаа хүмүүст тухайн улсын хөтөлбөрийн зөвшөөрлөөс хамааран боловсрол, эрүүл мэндээ сэргээх, шинэ бизнес нээх зэрэгт буцалтгүй тусламж өгдөг.

-Гадаадад гацсан монголчуудыг эх оронд нь авчрах, хязгаарлалтын зардлыг төлөх зэрэг хөрөнгө, санхүүг хаанаас гаргадаг юм бэ?

-Хөрөнгө, санхүүг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага үүсгэж, Герман Улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа. Мөн Дэлхийн “Ковид-19”-ийн тусгай сан, НҮБ-ын Хүүхдийн сангаас бага насны хүүхэдтэй гэр бүлийг эх оронд нь авчрахад тусалсан. Европын холбоо, Их Британийн Засгийн газар гээд монголчууд ирж байгаа тухайн улсын Засгийн газрууд туслалцаа, дэмжлэгээ үзүүлсэн.

-Таныг хилийн чанадад гацсан 800 гаруй иргэнийг эх оронд эргэж, авчирсан тухай мэдээ цахим сүлжээгээр их тархсан. Өөрийн тань тухай маш олон хүн ярьж, сэтгэгдлээ илэрхийлэхэд ямар санагдаж байв?

-Сүүлийн үед хүмүүс надад их анхаарал хандуулах боллоо. Харин миний хувь хүний бодлоор надад бус, бидний ажиллаж байгаа сэдэв, гадаад байгаа монголчуудын нөхцөл байдал, тэдэнд хэрхэн туслах, Монгол Улсын хөгжилд нэмэр оруулах, шилжилт хөдөлгөөн зэрэгт анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна.

-Монголд ирэхэд нь тусалсан хүмүүсээсээ сонссон хамгийн сайхан үг юу байв?

-“Гэр бүлээрээ Улаанбаатарт ирлээ. Баярлалаа” гэж гар утсаар ярих, аль эсвэл удаан хугацаанд хол байсан хүмүүс дахин уулзалдаж, аз жаргалтай инээмсэглэхийг нь харах надад сайхан байсан. Тэр нь бидний ажилд ч урам зориг өгсөн. Нэг удаа хилийн чанадаас ирж байгаа нэг зорчигчийн төрсөн өдөр болж байгааг бид мэдээд цэцэг бэлдээд байж байсан юм. Тэгтэл тэр онгоцонд гурван хүний төрсөн өдөр нэг өдөр таарч байгааг Гадаад харилцааны яамнаас бидэнд мэдээлсэн. Тэгэхээр нь бид цэцгээ нэмж, аваад онгоцон дотор аль болох төрсөн өдрийг нь сайхан тэмдэглэж өгөхийг хүсэж, арга хэмжээ зохион байгуулж байлаа. Хилийн чанадад удаан хугацааны турш хүнд байдалд орж, зовж, шаналсан тэр хүмүүст инээмсэглэл, аз жаргал бэлэглэсэндээ баяртай байна.

-Таны хүртсэн хамгийн том шагнал тусалсан хүмүүсийн тань инээмсэглэл байх нь ээ?

-Тийм ээ. Бас тэднийг гэр бүл, эцэг, эх, хүүхдүүдтэй нь уулзуулж чадсан нь миний том шагнал.

-Монголд ирснээсээ хойш Үндэсний баяр наадам үзсэн үү. Ямар санагдаж байсан бэ?

-Энд ирснээсээ хойш одоог хүртэл нэг ч наадам үзээгүй. Ирэх жил үзнэ гэж найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, бүтээлд өндөр амжилт хүсье.