ШӨХТГ-аас олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх үүргийн дагуу Олон нийтийн төлөөллийг оролцуулан хамтарсан шалгалт явуулах “ШӨХТГазрын Даргын нэг өдөр” -ийг бий болгосон билээ. Энэ удаагийн “ШӨХТГазрын Даргын нэг өдөр”-өөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр оролцлоо. Даргын нэг өдрөөр Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ, ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Нийслэлийн мал эмнэлгийн Улсын байцаагч Б.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүн нь Стратегийн гол хүнс гэгдэх махны эрүүл аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлийг арилгуулах, санал хүргүүлэх чиглэлээр Хот руу орж ирж буй малын махны чанар, эрүүл ахуйн байдал, шууд малчдаас орж ирж буй бодит байдалтай танилцахаар мах төхөөрөх төвүүд болон махны худалдааны зах зээлд хяналт шалгалт хийж ажилласан юм.

ШАЛГАЛТААР :

Мах бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалан борлуулах үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг тогтоох, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахаар Эмээлт бой, Төв аймагт байрлах Хээрийн бойны газар, мөн иргэдийн махны гол ханган нийлүүлэгч Хүчит шонхор захын эрүүл ахуйн орчинд хяналт шалгалт хийлээ.

БОЙН ДЭЭРХ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Хэрэглэгчийн гомдлын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаагүй, бохир нөхцөлд стандартын бус төхөөрөн бэлтгэж буй Эмээлт дэх бойны газарт гэнэтийн хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тус газар нь Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, МХЕГ, Улсын мал эмнэлгийн хяналт шаардлага, холбогдох дүрэм журмыг зөрчиж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмжөөр малыг төхөөрч байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна. Мөн эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж, зориулалтын хувцас, хэрэгсэлгүй хүнээр махны ачилт хийлгэж байгаа зэрэг нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартад заасан шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдлоо.

Эмээлт дэх мал төхөөрөх үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд зумлагаа явуулж, Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээгүй үйлдвэрийн байранд мал нядалж ченжүүдийн гарт шууд өгч байна.

Малын махыг стандартын бус орчинд төхөөрөн бэлтгэж, стандартын шаардлага хангаагүй. Энэ нь Мах, махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг зөрчиж байна.Мөн мэргэжлийн байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг хүлээн аваагүй, удаа дараа шаардлага биелүүлээгүй дүгнэлтийг Нийслэлийн мал эмнэлгийн газраас болон ШӨХТГ-аас гаргалаа. Зөрчил бүхий мах төхөөрөх төвийн үйл ажиллагааг МХЕГ-аас хаах шийдвэр гарлаа. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: Эмээлт дэх Бойн газар дээр шалгалт хийлээ. Амьдралаа авч явах гэж ядаж байхад шалгалаа, эрүүл ахуй чинь ямар хамаатай юм гэсэн бүтэн сүрэг байна. Мал эмнэлгийн байцаагч нь тэдэнтэйгээ нийлчихсэн. Тус албан хаагчийн асуудлыг зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ. Хүнсний зориулалтын мах бэлтгэлийг үйлдвэрийн аргаар хийхээс өөр аргагүй шалтгааны нэг нь энэ. Хүн бүрийн иддэг мах ямар балиар, заваан орчинд бэлтгэгдэж байгааг та бүхэн газар дээр нь харлаа. Стратегийн гол хүнс гэгдэх мах ийм орчин нөхцөлд бэлтгэгдэн гарч байгаа нь өөрөө хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлөх юм. Хаахаас өөр аргагүй нөхцөл байдал тэнд цэцэглэж байна.

ББДХ-ны Ерөнхийлөгч Ч.ДАВААБАЯР: Хэрэглэгч бүр стандартын шаардлага хангасан мах хэрэглэх ёстой. Нэг хэсэг нь гараа тогтмол угааж, ариун цэврээ сахиж байхад, хүнс нийлүүлэгч нар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь асар том зөрчил, даварсан үйлдэл. Манай улсад Ковидоор 700 гаруй хүн амиа алдчихаад байна. Ковидоо яая гэж байтал нэмээд гэдэсний халдвараар Улаанбаатар хот даяараа өвчилмөөргүй байна. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөх журам, стандартыг чангатгахгүй бол уламжлалт аргаар бэлтгэж байгаа нэрийдлээр бохир орчинд бэлтгэсэн маш их мах худалдаалагдаж байна. Шалгалтын явцад миний харахаар 100 гаран малыг хэдхэн минутын дотор маш бохир орчинд төхөөрч байгааг харлаа. Шалгалтын байгууллага ирчихсэн байхад алдаагаа ухамсарлахгүй, өөрсдөдөө дүгнэлт хийхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид маань ашиг хонжоо бизнесээ нэн түрүүнд тавихаасаа өмнө тэнд ажиллаж буй ажилчдынхаа эрүүл аюулгүй байдлаа хангах нь заавал номер нэг асуудал. Уг бойны газар ажилчдаа төдийгүй нийслэлийн хүн амыг хоолоор нь хордуулж болохуйц нөхцөлд байна. Малаас хүнд халдварлах өвчний бүх нөхцөлийг бүрдүүлчихсэн байна. Амны хаалт зүүсэн хүн алга, ажилчдын ажиллаж байгаа нөхцөл нойл байна. Нөгөөтээгүүр манай улсын махны экспорт хангалттай бус байдаг нь мах бэлтгэх, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Мал нядалгааны газраас зах зээлд нийлүүлэх хүртэл бүх махыг зөвхөн стандартын шаардлага хангасан, зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг болгох хэрэгтэй.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ХЭЭРИЙН БОЙ

Орон нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий нэгдсэн мал төхөөрөх газар байхгүйгээс хувь хүмүүс хээрийн бой хийх эсхүл Улаанбаатар хотын зах орчимд байрлах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмжөөр малыг төхөөрч байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна.

 Мал төхөөрөх газрууд мал хүлээн авсан бүртгэл, төхөөрөмжийн өмнөх, дараах үзлэгийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлж хэвшээгүй, анхан шатны бүртгэл судалгаа хийхгүй байна.

Мөн төхөөрөх газрууд нь орон тооны малын эмч ажиллуулдаггүй, малын эмчийг шаардлагатай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаагүй, дотоод хяналтыг хийдэггүй, хүнсний үйлдвэрлэлийн цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдоогүй, үйлдвэрийн байранд засвар үйлчилгээ хийдэггүй байна.

Мөн эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж байгаа зэрэг нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартад заасан шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдлоо.

ИЛ ЗАДГАЙ МАХНЫ ХУДАЛДАА

Хүчит шонхор худалдааны төв

Хүчит шонхор худалдаан төвийн лангуунууд Ченжүүдээс махаа шууд худалдан авалт хийж байна. Шууд худалдан авалтын ард гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах иргэдийн гар дээр очиж байна.

8 танхимд 436 түрээслэгч худалдаа үйлчилгээ явуулдаг тус худалдааны төв дээр эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж, зориулалтын хувцас, хэрэгсэлгүй хүнээр махны ачилт хийлгэж байна.

Энэ талаар ББДХ-ны ерөнхийлөгч Ч.ДАВААБАЯР: “Хүчит шонхор” зах дээр ажиллахад өмнөхөөс дээрдсэн мэт боловч ариутгал халдваргүйтлийг долоо хоногт хоёр удаа л хийж байгаа нь хангалтгүй. Нөгөөтээгүүр энэ ил худалдаалж байгаа махны худалдааг больё. Дотогш оруулъя. Урин дулааны үед ил задгай мах борлуулах нь ялаа батгана шавахаас эхлээд гэдэсний халдварт өвчин үүсгэнэ. Эрүүл ахуйн хувьд болохгүй байна. Махны худалдааг дотогш оруулж байж эрүүл ахуйн анхан шатны нөхцөл бүрдэнэ.

ДАЛАН ДАВХАР ОРШУУЛГЫН ГАЗАР БА ХӨРСНИЙ БОХИРДОЛ

Далан давхрын оршуулгын газар нь хөрсний бохирдол, агаарын бохирдол үүсгэж байна. Самбалхүндэв буюу 70 давхарын оршуулгын газрын яг салхины доор Улаанбаатар хотын махны 85% орчим хангадаг Хүчит шонхор, Дэнжийн 1000 худалдааны төвүүд ойр байгаа нь ил задгай мах худалдан авах нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь харагдлаа.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: Далан давхрын оршуулгын газрын талбайг цэгцэлж олон улсын жишигт нийцсэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 онд хэрэгжсэн байдаг. Гэвч уг ажил одоог хүртэл хийгдээгүй явсаар ирсэн. Олон зуун жилийн настай оршуулгын газар нь хөрсний бохирдол, агаарын бохирдол үүсгэж иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байна. Хамгийн аюултай нь яг үүний дор Хүчит шонхор, Нарантуул 2 болон бусад худалдааны төвүүд байрладаг. Мэдээж хүн амын гол хүнсний хэрэгцээ байршиж байгаа зах худалдааны төвийг нүүлгэх боломжгүй. Тиймээс Нийслэлийн  төв хэсэгт шахуу, Хүчит шонхор захтай зэрэгцэн орших  “Далан давхар”-ыг  шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно.

ББДХ-ны ерөнхийлөгч Ч.ДАВААБАЯР: Улаанбаатар хотын махны 85% орчим хангадаг Хүчит шонхор, Дэнжийн 1000 худалдааны төвүүдээс 100 гаруй метрийн цаана 1900 оноос хойш булшлагдсан оршуулгын газар байна. Оршуулгын газар нь хөрсний бохирдол, агаарын бохирдол үүсгэж байна. 70 давхарын оршуулгын газрын яг салхины доор Хүнсний гол худалдааны төвүүд ойр байгаа нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна. Нийслэлийн 1,6 сая иргэд эрүүл мах хэрэглэх эрхтэй

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ДЭХ МАХНЫ ҮНЭ, ГАРАЛ ҮҮСЭЛ

Covid-19 цар тахал дотоодод алдагдсаныг далимдуулан, хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх үзэгдэл зогсохгүй үргэлжилж байгаа тул БЗД дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Ихнаяд” худалдааны төвийн махны тасгаар хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар махны лангуу түрээслэгч нар худалдаалж буй махны гарал үүсэл үнэ тавиагүй зөрчил илэрлээ.

ШАЛГАЛТЫН ДҮНД ББДХ-С ШӨХТГ-Т ХҮРГҮҮЛЖ БУЙ САНАЛ:

  1. ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН ХУДАЛДААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТӨР ЯАРАЛТАЙ ХИЙХ

Махны үйлдвэрлэл худалдааны зохицуулалтыг зайлшгүй батлах шаардлагатай. Манай улс Уламжлалт аргын махны бэлтгэл, махны үйлдвэрлэлийн тогтолцоотойгоор өнөөдрийг хүрсэн. Технологийн бус үйлдвэрлэл рүү шилжсэн учраас ариун цэвэр, бэлтгэн нийлүүлэлт, хангамжийн асуудал гарч байна. Мал төхөөрөх газрууд мал хүлээн авсан бүртгэл, төхөөрөмжийн өмнөх, дараах үзлэгийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлж хэвшээгүй, анхан шатны бүртгэл судалгаа хийхгүй байна. Мөн төхөөрөх газрууд нь орон тооны малын эмч ажиллуулдаггүй, малын эмчийг шаардлагатай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаагүй, дотоод хяналтыг хийдэггүй, хүнсний үйлдвэрлэлийн цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдоогүй, үйлдвэрийн байранд засвар үйлчилгээ хийдэггүй байна. Тэдгээр бойны газруудаас Махны албан бус секторууд мах авч зуучлан борлуулдаг. Хүчит шонхор , бусад зах худалдааны төвүүд нь Ченжүүдээс махаа шууд худалдан авалт хийдэг. Шууд худалдан авалтын ард гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах иргэдийн гар дээр очиж байна.

2. НИЙСЛЭЛД ИЛ ЗАДГАЙ МАХ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОХ

Нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан махны төвлөрсөн худалдааг сүүлийн 30 жилийн турш тасралтгүй эрхэлж буй “Хүчит шонхор” худалдааны төв болон бусад зах худалдааны төвүүдээр ил задгай мах худалдахыг хориглох. Задгай худалдааг дотогш оруулах. Халдвар хамгааллын дүрэм журмыг баримтлах, холбогдох арга хэмжээг авах. Жишээлбэл: Хүчит шонхор захыг тойроод гэр хороолол байна. Хүнсний маш их бохирдолтой, айл болгон модон жорлонтой. Тэрэг түрээд явж байгаа хүмүүс газар гишгэсэн гутлаараа махтайгаа харилцаж байгаа байдал. Гишгэх тоолонд  тэр газарт байгаа нян бактери пургиж байна. Мах нь ил задгай худалдаалагддаг. Тэр бүх нян бактери ил задгай худалдаалагдаж буй маханд шингэж байна.

3. МАХНЫ АЛБАН БУС СЕКТОРЫГ АЛБАЖУУЛАХ, ТАТВАРЫН НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛАХ

Эмээлт дэх мал төхөөрөх газрууд нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд зумлагаа явуулж, Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээгүй үйлдвэрийн байранд мал нядалж ченжүүдийн гарт шууд өгч байна. Хүн амын хэрэгцээнд зориулж хүнсний зориулалтаар хэрэглэх махыг бэлтгэхийн тулд малыг үйлдвэрийн аргаар төхөөрөх шаардлагатай байна. Гар аргаар буюу уламжлалт аргаар төхөөрсөн малын мах нь эрүүл ахуйн хувьд стандартын шаардлага хангасан бойны газарт хийгдэхгүйгээс болж хэрэглэгч хохирч, хүн амын дунд ходоод, хавдар гэсэн олон өвчлөл нэмэгдсээр байна. Иймд Хүнсний махны зориулалтаар арилжаалах малыг зөвхөн Стандартын шаардлага хангасан мал нядалгааны газартай , тусгай зөвшөөрөлтэй, улсад татвар төлдөг, ажлын байр бий болгодог ААН-ээр худалдаалах

4. ОРОН НУТАГ, АЙМАГ БҮРД СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ

Орон нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий нэгдсэн мал төхөөрөх газар байхгүйгээс хувь хүмүүс хээрийн бой хийх эсхүл Улаанбаатар хотын зах орчимд байрлах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмжөөр малыг төхөөрч байгаа нь Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна. Иймд Хүнсний зориулалтын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх орон нутгийн аж ахуй нэгжүүдийг бий болгох.

5. МАХНЫ ТӨВЛӨРСӨН БӨӨНИЙ ТӨВҮҮДИЙГ ХОТЫН 4 ЦЭГТ БАЙГУУЛАХ

Махны төвлөрсөн цэгийн тоог нэмэх. Нийслэл хотын 4 цэгт махны бөөний цэгүүд ажиллуулж, хэт монополийг задалж , зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, махны үйлдвэрлэл бизнес эрхлэгч хүртээмжийг сайжруулах.

6. НИЙСЛЭЛИЙН ГОЛ МАХНЫ ТӨВЛӨРСӨН ЦЭГТЭЙ ОЙР БАЙГАА ДАЛАН ДАВХАР ОРШУУЛГЫН ГАЗРЫГ НҮҮЛГЭХ

Нийслэлийн гол төвлөрлийн цэгээс 100 гаруй метрийн цаана 1900 оноос хойш булшлагдсан Самбалхүндэв буюу 70 давхрын оршуулгын газар байна. Нөгөө халдвараар, хавдраар маш олон зүйлээр өвчилсөн хүмүүсийн шарил. 100 гаруй жил булшлагдсан оршуулгын газар нь хөрсний бохирдол, агаарын бохирдол үүсгэж байна. Хөрсний бохирдол нь хүн амын дунд халдварт өвчин тархах суурийг бий болгодог. Олон жил хадгалагдсан оршуулгын газрын яг салхины доор Улаанбаатар хотын махны 85% орчим хангадаг махны төв байрлаж байна.

7. МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ

“Хүчит шонхор” худалдааны төв нь нийслэлчүүдийн махны хэрэглээг гол хангаж буй төв цэг. Энэ ч утгаараа ченжүүд үгсэн хуйвалдаж, үнэ тогтоох болсон. Иймээс махны үнийн өсөлтөд хяналт тавьж, нийслэлчүүдийг эрүүл, стандартын шаардлага хангасан орчинд бэлтгэсэн гарал үүслийн гэрчилгээтэй мах худалдан авах нөхцөл бүрдүүлэх.

8. МАХНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГ ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ, ҮНЭ ШОШГОТОЙ БОЛГОХ

Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүйн улмаас мах нь ченжүүд гэгдэх 5-6 шат дамжлагыг дамжиж хэрэглэгчийн гарт хүрч байгаа нь махны үнэ үндэслэлгүйгээр нэмэгдэх, зохиомол хомстол үүсгэх нэг шалтгаан болж байна. Малын мах хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэл малчны хотноос эхлээд жижиглэн худалдаа хийдэг зах, дэлгүүр хүртэл 5-6 шат дамжлагыг дамжиж, дамжлага тус бүрд үнэ нэмэгддэг нь тогтоогдсон. Зах худалдааны төвүүд махны гарал үүсэл, ирсэн он сар, үнийн мэдээллийг тавьдаггүй зөрчил байсаар байна.

9. МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ

Мах бэлтгэн боловсруулах үйлдвэрүүдийг” Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлд хамруулж, төрөөс дэмжих. Ингэснээр нэгдсэн үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн төвшинд шилжих боломжтой

10. МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ, НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ

Мал нядалгааны явцад гарч байгаа дайвар бүтээгдэхүүн, яс, цус гэх мэт ашиглах боломжтой бүтээгдэхүүнийг боловсруулах технологи манай улсад байхгүйгээс хүнсний дайвар бүтээгдэхүүнийг ил задгай хаяж орчны бохирдол үүсгэж байна. Иймд анхан шатнаас нь эцсийн шат хүртэл түүхий эдээ дотооддоо боловсруулж экспортод гаргах тогтолцоо бий болгох.

Стратегийн гол хүнс гэгдэх махны эрүүл аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлийг арилгуулах, санал хүргүүлэх чиглэлээр газар дээрх бодит байдал дээр ажилласан нэвтрүүлэг тун удахгүй та бүхэнд хүрэх болно.

НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ