Баялаг бүтээгч булангийн энэ удаагийн дугаартаа Монголын махны экспортыг эзэмшигч эрх бүхий дотоодын үйлдвэрүүдийн нэг, ЖДҮ-ийн төлөөлөл “Цалуут Импекс” ХХК-ийн захирал С.Алтанцэцэгийг урьж оролцууллаа.
Мах махан бүтээгдэхүүний салбарт үйлдвэрлэлийн зохистой дадал, тогтолцоог нэвтрүүлж буй туршлагатай хөдөлмөрч эмэгтэйн бизнесийн түүх, тулгарч буй хүндрэл асуудлыг нээлттэй ярилцлаа. “Цалуут Импекс” ХХК -нь үйлдвэрийн аргаар цэвэрлэж бэлтгэсэн бүх төрлийн мах махан бүтээгдэхүүнийг эх орныхоо хэрэглэгчдэд төдийгүй гадаад улс орнууд руу нийлүүлж байна.
Сайн байна уу? Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ушигчдад өөрийгөө танилцуулаач
Сайн байна уу. Намайг С.Алтанцэцэг гэдэг. Манай гэр бүл махны бизнес эрхлээд 10 гаруй жил болж байна. Нөхөр бид хоёр 1988 оноос хойш бизнес хийж байна.
Бизнес эрхлэхэд түүхий эд нь эх орондоо байдаг бол давуу тал
Махны салбар луу яагаад орох болов?
Би Баянхонгор аймгийнх. Багаасаа малтай ойр өссөн хүүхэд. Малын мэдлэг зузаан шүү. Малын тал дээр бол нөхрөөсөө ч илүү шүү (инээв). Манай гэр бүл 1988 оноос хойш зах зээлийн шилжилтийн үед бизнес хийж эхэлсэн. Гэхдээ яг махны чиглэлээр биш, худалдаа наймаа ноолуурын бизнес эрхэлж байлаа. Тэр үед бид 2 жоохон малтай байсан юм. Ноолуурын үйлдвэрүүдэд ноолуур нийлүүлдэг байсан. Тухайн үед бид бизнес эрхэлдэг ч гэлээ нөхрийн минь чин хүсэл маш гоё үндэсний үйлдвэртэй болох байсан. Нөхөр минь эх орондоо сайхан үйлдвэр баринаа гэж үргэлж ярьдаг байсан. Тэр үед бидэнд нэг их мөнгө байгаагүй ч гэлээ 2006 онд зорилго шулуудаж бид гэр бүлийн бизнестэй байх ёстой, гоё юм хийх ёстой гэсэн бодлоороо махны үйлдвэрээ байгуулсан. Бид эхлэхээсээ өмнө Бизнес эхлэхэд юу анхаарах ёстой вэ ? зэрэг судалгаа зөвлөмжүүдийг уншиж судалдаг байсан юм. Тэдгээрээс яг тусгаж чадсан нэг зүйл бол “Бизнес эрхлэхэд түүхий эд нь эх орондоо байдаг бол давуу тал” гэдэг зүйл. Бидэнд бизнес эрхэлхэд хамгийн ойр мэдэх, чадах зүйл мал аж ахуй байсан. Би багын малын мэдлэгтэй, мөн бид багахан хэмжээний малтай байсан болхоор махны бизнес эрхэлж үзье гэж шийдээд энэ салбарт орж байсан юм.
Бид бизнесээсээ ашиг олох гэдгийг урьтал болголгүй харин бидний бүтээсэн үйлдвэр маань маш гоё стандарттай, эд анги тоног төхөөрөмж гээд дотоод бүтэц бүр нь дэлхийн аль ч улс орны үйлдвэрээс дутахааргүй бүтэцтэй байхыг л бид зорилгоо болгосон.
Өөрсдийн мөрөөдөж явсан үйлдвэрээ босгож, бизнесээ байгуулсан түүхээ хуваалцаач. Үйлдвэрийн байрын зураг дүрсийг харахад Монголд ийм үйлдвэр байдаг гэж үү ? гэлтэй юм.
Нөхрийн минь баримталдаг нэг зарчим байдаг. Одоо хараад байхад ханийн минь энэ зарчим надад ч гэсэн шинэгэсэн юм шиг байгаан. Жижигхэн байшин барьсан ч сууриасаа эхлээд маш гоё, нарийн стандарттай байх ёстой гэдэг зарчим. Бид мах боловсруулах үйлдвэрээ байгуулахдаа бүх зүйлийг дээд зэргийг чанартай, олон улсын стандартад нийцсэн байхаар төлөвлөж хийсэн. Бид бизнесээсээ ашиг олох гэдгийг урьтал болголгүй харин бидний бүтээсэн үйлдвэр маань маш гоё стандарттай, эд анги тоног төхөөрөмж гээд дотоод бүтэц бүр нь дэлхийн аль ч улс орны үйлдвэрээс дутахааргүй бүтэцтэй байхыг л бид зорилгоо болгосон. Яг энэ зарчмаа алдагдуулахгүйгээр үйлдвэрээ байгуулаад, одоо арав гаран жил ажиллуулаад явж байна. Энэ нь дотоодын хэрэглэгчид Олон улсын чанар, стандарт хангасан махаа өөрсдөө хэрэглэх боломжийг бий болгосон гэж ойлгож болно.
5 хошуу малын мах хүний биед хамгийн шим тэжээлтэй гэдэг. Танай үйлдвэр одоо ямар ямар түүхий эдээр бүтээгдэхүүн гаргадаг вэ? Махаа хаанаас авч нийлүүлдэг вэ
?
Монгол орны минь шимт ургамлаар хооллож буй 5 хошуу малын хишиг хязгааргүй. Бид малын амьсгалаас бусдыг боловсруулж гаргаж байна. Монгол малын эд эсээс үлдээж хаях нэг ч зүйл байхгүй. Хүний бие махбодид шаардлагатай уураг, тос, эрдэс бодис, амин дэмийг зохих хэмжээгээр агуулсан үнэт түүхий эд юм. Бэлчээрийн монгол малын мах экологийн цэвэр маханд тооцогддог. Тиймдээ ч бид малчдаасаа махаа шууд худалдан авч байна.
Боловсруулсан бүтээгдэхүүнээ хаагуур нийлүүлдэг вэ?
Бид дотооддоо томоохон ресторан хоолны газруудад нийлүүлдэг. Мөн жил бүр нөөцийн мах бэлтгэн гаргаж байна. Ресторан хоолны газрууд бидэнд хэдэн сард хичнээн хэмжээний мах авах вэ? яаж бэлтгүүлэх вэ? Бид хүссэн хэмжээгээр нь махыг шууд хэрэглэх боломжтой болгож бэлтгэж өгдөг. Жишээлбэл: Нэгдүгээр сард төчнөөн хэмжээний мах авъя, 2 сард төчнөөн, 3 сард гэх мэт урьдчилаад бидэнд төлөвлөгөөгөө өгчихдөг. Тэгэхгүй бол мэдээж ресторан хоолны газруудад тийм их хэмжээний мах хадгалаад байх агуулах сав гэж байхгүй шүү дээ. Тэгхээр бидэнд захиалгаа өгөөд, давхар бид хадгалах, нөөцлөх үйлчилгээг давхар үзүүлж байгаа юм. Захиалагчдынхаа махыг хүргээд өгчихнө. Үйлчлүүлэгч нар сэтгэл ханамж сайн байдаг.
Тэгхээр танайх урьдчилаад захиалгаа өгөөд, автлаа бас хадгалуулж байна гэсэн үг үү?
Тэгэлгүй яахав. Нөгөөтэйгүүр дан үйлчилгээний байгууллага ч гэлтгүй хувь хүмүүст нь нийлүүлдэг. Айл өрх өөрсдийн хүнсэнд хэрэглэх мах, бууз банш, махан бүтээгдэхүүн гээд хүргэлтээр захиалж авдаг.
Танай үйлдвэр Монголдоо төдийгүй дэлхийд Монгол малын мах экспортолдог гэдгээрээ алдартай юм билээ. Аль аль улс руу экспортолдог вэ?
Бид Монгол малчдаасаа худалдан авсан малаа богино хугацаанд зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Дэлхийд хаана ч байхгүй цэвэр бэлчээрийн монгол малын махыг Олон улсын чанарын стандарт хангасан үйлдвэрт боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан сав баглаа бодоолтойгоор зах зээл нийлүүлж байгаа юм. “Цалуут Импекс” ХХК-ийн махны үйлдвэр нь Арабын орнууд руу төлөг, хурганы махыг бэлтгэн нийлүүлдэг. Гэхдээ одоо Цар тахлаас шалтгаалаад махны экспорт зогсонги байгаа.
Орчин үеийн дэвшилтэт технологиор Мах, дотор мах, дайвар түүхий эдийн ангилал, анхан шатны боловсруулалт, гарц гээд үйлвэрлэлтийн инновацийг гайхалтай шийдсэн үйлдвэр байлаа.
Мах боловсруулахад тавигдах эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг бид олон улсын стандартын дагуу хангаж ажиллаж байна.
“Цалуут Импекс” ХХК-ийн Ерөнхий технологич Уранчимэг : Мах боловсруулахад тавигдах эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг бид олон улсын стандартын дагуу хангаж ажиллаж байна. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн бүр хүний эрүүл мэндтэй шууд холбоотой учраас бид үйлдвэрлэлийн бүх процессыг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд явуулж байна. Бид мах бэлтгэх аргаа үйлдвэрлэлийн аргаар хийдэг. Бог малын мах бэлтгэх цех, бод малын мах бэлтгэх цех, хөргүүр, сэврээх цех, ангилах, савлах гээд бүх процессоо стандартаар хийж байна.
Монгол орон бол дэлхийд мал аж ахуй бие даан хөгжсөн цөөн хэдэн голомтын нэг билээ. Мэдлэгт суурилсан бодлогыг эрхэмлэж олон жилийн турш хийж буй ажилдаа тууштай зүтгэж байгаа түүний бизнесийн арга ухааныг ярилцсан “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн дугаарыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Нийтэлсэн Г.Лхагвадулам