-Юун түрүүнд шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулж байгаад уншигчдийнхаа өмнөөс баяр хүргэе.

-Боловсролын салбар болон шинжлэх ухааны салбарт 40 гаруй жил ажилласан. Боловсролын хувьд 8 жилийн сургуулиас эхлээд доктор бэлдэх хүртэл бүх түвшинд ажилласан байна. Шинжлэх ухааны хувьд бакалавраас шинжлэх ухааны доктор хүртэл явжээ. Иймээс боловсрол, шинжлэх ухааны салбарт 40 гаруй жил ажиллаж байна даа.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Биднийг төгсөх үед хотод орос хэл, утга зохиолын багш илүүдэлтэй, хөдөө орон нутагт дутагдалтай үе байлаа. тэгэхэд бид сургуулиа төгсөөд Эх орны хэрэгцээт газар очиж ажилладаг байлаа. Тухайн үед илгээлт гээд байсан шүү дээ. Тийм илгээлтийг аваад сумын төвд очиж ажиллаж байлаа. Түүнээс цааш дунд сургууль, их сургууль, дээд сургууль, судалгааны их сургууль гээд бүх шатанд ажиллажээ.

Олон жил боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллажээ. Олон мянган эрдэмтэн судлаачид төгсгөж гаргасан байх?

-Эрдмийн их сургууль их онцлогтой. Судалгааны их сургууль гэж гарч ирсэн. Судалгааны их сургууль бол дэлхийн улс орнуудад тэр бүр байгаад байдаггүй. Энэ бол Монголын дээд боловсролын нэг ололт амжилт гэж хэлж болно.

Мэдээж хэрэг үе үеийн ЗГ боловсрол, ШУ-нд анхаарч байсны нэг илрэл байгаа юм. 2016 онд судалгааны их сургууль статустайгаар гарч ирсэн. Зөвхөн магистр, докторыг дагнан эрхэлсэн ийм сургууль тун ховорхон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь орчин үеийн шинжлэх ухааныг бий болгох. Орчин үед олон шинжлэх ухааны харилцан солбилцол дээр хөгжиж байгаа. Ийм олон талын мэдлэгтэй боловсон хүчин бэлдэх гэдэг нь маш хүнд ажил. Ийм хүмүүс гарч байж л улс орныг авч явдаг. Тиймээс би хамаг ухамсарт амьдралаа цагаа үүнд зориулж байна. Өнөөдөр даяаршсан, глобал ертөнцөд дэлхий амьдарч байна. Иймээс бид өнөөдөр болон маргааш амьдрахын тулд урд нь явдаг оюуны элитүүдээ бэлдэх ёстой. Үе тасарч байгаа жаахан харамсалтай зүйл бий. Гэвч үе нөхөх үүднээс бид маш хурдтайгаар ажиллаж байна. Манайхаас гарч ирсэн 250 гаруй эрдэмтэд аливаа салбарын анхдагчид гарч ирж байна. Тэднээс зөвхөн нэг талын мэргэжил биш олон талын мэргэжил шаардаж байна. Нийгэм хүнээс маш олон талын, гүнзгий мэдлэг шаардаж байна. Өдөр бүр сурахгүй бол хоцрогдоно.

Улс орон мэдлэгтэй боловсролтой хүнээ алдах л юм бол тэр улс орон устан үгүй болдог жамтай. Тиймээс бид шинжлэх ухааны төв болж байгаа сургуулиудаа дэмжин хөгжүүлэх нь их чухал.

-Шинжлэх ухааны салбараа төр засгаас хэр дэмжин ажиллаж байна?

Хатуухан хэлэхэд Монгол Улсад их сургууль гэж алга даа. Яагаад гэвэл их сургууль гэдэг байгууллагын гол цөм нь судалгаа. Монголд бол сургалт гэж ойлгоод бакалаврын түвшинд бэлдэж байгаагаа их сургууль гэж ойлгоод байна. Энэ бол маш том алдаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр их сургууль руу шинжлэх ухааны дэмжлэг байхгүй байгаатай холбоотой. Бид шинжлэх ухааны байгууллага, академийг шинжлэх ухаан гэж ойлгочихоод яг жинхэнэ шинэ мэдлэг үйлдвэрлэдэг  шинжлэх ухааныг хөгжүүлдэг , ирээдүйд улс орноо авч явдаг залуу эрдэмтдээ бэлддэг энэ газартаа шинжлэх ухааны талаар анхаарлаа хандуулаагүй явж ирсэн нь том алдаа юм. Тэр утгаараа шинжлэх ухааныг дэмжих хэрэгтэй. Доктор болох гээд байгаа докторант , магистрант гэдэг хүмүүст дэмжлэг алга байна. Бусад улс оронд эдгээр хүмүүстээ тэтгэлэг олгож, үнэгүй сургаж байна. Гэтэл монголд шинжлэх ухаан хийх ямар ч дэмжлэг байхгүй байгаа нь харамсалтай. Одоо гэхдээ судалгааны их сургуулийн хууль гээд явж байгаа. Боловсролын багц хууль явж байгаа.

Судалгааны их сургуулийн хууль гэж гарч байгаа нь  нийгэмд маш том дэвшил авчирна. Үүнийг зөв гаргах хэрэгтэй. Тэгвэл их сургууль хөгжөөд их сургуулиа тойрсон шинжлэх ухааны цогцолбор бий болоод энд төр засгийг авч явах бодлогын үндэслэлийг шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулдаг болно. Ийм зүйл орхигдсоноос монголын гажиг үзэгдлүүд гараад байгаа юм.

-Монгол Улс их дээд сургуулийн тоогоор тэргүүлдэг ч боловсролын чанарын асуудал хурцаар тавигддаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна. Боловсролын салбарыг хэрхэн цэгцэнд нь оруулах вэ?

-Энэ олон их дээд сургуулийг хэн гаргаад байгаа юм. Төр засаг гаргаж байгаа. Маш их хатуу хяналтан дор байгуулдаг байгууллага. Таван жил болоод адистатчлагдана. Тэгэхээр энэ олон сургууль байгаагийн зохицуулдаг газар нь Боловсрол шинжлэх ухааны яам, ЗГ байгаа. Тэд ямар бодлогоор хэчнээн боловсон хүчин бэлтгэх гээд хэдэн сургууль байлгаад байгаа юм. Үгүй бол тэнд зөвшөөрөл аваад өгсөн, түүнийгээ хянаад дараа нь болж байгааг нь дэмжээд болохгүй байгааг нь нэгтгэж нийлүүлдэг бодлого байх хэрэгтэй. Түүнээс биш одоо олон их сургууль, олон оюутан байна гэснээр боловсролын салбарыг олон жил хоцрогдуулж ирлээ. Одоо монголын ямар их дээд  сургууль дэлхийд өрсөлдөх гээд байгаа юм. Ямар сургууль нь Азидаа өрсөлдөх гээд байгаа юм. Аль нь юугаараа онцлогтой хөгжинө гэсэн бодлого хаана байна. Байхгүй байна. Бүгд л адилхан их дээд сургууль нэртэй учир нь олдохгүй. Ийм байгаа үед дээд боловсролын чанарыг анхаарах цаг нь болсон.

-Социализмын үед хэрэгцээт мэргэжлийн тоог гаргаад, хуваарь олгох замаар мэргэжил сонголт, боловсон хүчнээ зохицуулдаг байсан. Одоо энэ тал дээр ямар бодлого дутагдаж байна?

Төр засгаас “Алсын хараа 2050” гээд гаргаж байна. Энэ яг үнэндээ гаргаж чадсан уу үгүй юу асуудалтай. Бид ер нь яг хаашаа явах гээд байгаа юм. Үндсэн агуулгаа гаргаагүй байна.

  Монгол орон ямар замаар явах юм, ямар боловсон хүчин хэдийд бэлдэх юм, хэдэн онд юунд ашиглах юм. Энэ бол бодлогын асуудал. Үүнийг тавьж байж хэдэн сургууль байх, хэдэн мэргэжилтэн бэлтгэх ямар байгууллага байх нь араас нь дагаад гардаг. Эхлээд голын усыг эхээс нь цэвэрлэх гэдэг шиг төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй алсын хараатай зөв хийж байж бусад замбараагүй байдал цэгцэрнэ.

Тэгэхээр төрийн бодлогоо яаж хийгээд байгаа юм.  Нам хийж байна. Намын бодлогыг хэн хийж байгаа юм. Тэнд хэдэн хүн голдуу ухуулсан шинжтэй, тасартай бутархай зүйлийг нэгтгээд байна. Иймээс л хаа сайгүй замбараагүй байдал , бухимдал үүсч байна. Энэ бол мэдлэггүйн шинж. Гэтэл бид мэдлэгийн зуунд амьдарч байгаа байхгүй юу. зөвхөн мэдлэгээр өрсөлдөж, мэдлэгээр амьдарч мэдлэгээр аливаа асуудлыг шийднэ. Тиймээс мэдлэгийг бий болгодог , мэдлэгийг тээдэг, дамжуулдаг их сургуулиудаа татаж байж монгол орон хөгжинө дөө.

-Шинжлэх ухаанч хүмүүст яг ямар дэмжлэг хэрэгтэй  байна?

-Мэдлэгтэй хүнээ л ашиглах ёстой. Одоо төрийн байгууллагад чаддаг хүнийг нь чаддаг газарт нь томилох хэрэгтэй. Одоо бол тийм биш байгааг бүх хүн мэдэж байгаа. Ямар нэг намын харьяаллаар мэддэггүй хүмүүс мэддэг юм шиг очоод сууснаас болоод ийм будилаан бий болсон. Мэддэг хүмүүсээ олж зөв газар нь тавьбал та бидэнд бүгдэд нь хэрэгтэй.  Манай хоёр хөрш хүртэл бүгд докторын зэрэгтэй удирдагч байгаа. Энэ бол шаталсан сургалт учраас шаталсан сургалт дүүргэсэн хүн л төрийг барих түвшинд байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс хэргэм цол зэргэмийн асуудал яригдаад байгаа юм биш. Үүний цаад талд мэдлэгийн хэмжүүүр байгаа юм шүү. Мэдсэн, сурсан бэлтгэгдсэн цөөн тооны хүнээ л ашиглах хэрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүстээ хандаад юу гэж хэлэх вэ?

-Одоо бол монголчууд нийтийг хамаарсан буяны үйлстэн болоод байна шүү дээ. Баахан хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй өрх толгойсон эх гэхчилэн  төсөл хөтөлбөр яваад бүх анхаарлаа тийшээ хандуулдаг. Гэтэл улс орныг авч явах тархи нь хаана байгаан. Түүнийг л бид бэлдэх гээд байгаа юм. Түүнийг гадны улс хэзээ ч бэлдэхгүй. Бид л тусгаар тогтнолоо хамгаалахын тулд багаас нь бэлддэг юм.