Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах зорилготой “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч эрхлэгч иргэд, аж ахуй нэгийн эрх ашгийг хамгаалах, чадваржуулах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах нь нэн чухал юм. Иймд хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөж өгч, цаашид тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Импортын хямдхан бараатай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөж байна. Иймд импортын хямдхан барааны татварыг нэмэгдүүлэх, үндэсний буюу дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих бодлогын хүрээнд ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын хүрээнд ажлын байрыг дэмжих зориулалттай 2 их наядын зээлтэй холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх тал дээр түлхүү хамтарч ажиллах зорилгын хүрээн энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ: ШӨХТГ өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд хяналт тавьж ажилладаг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагуудын нэг. Ялангуяа энэ зах зээл дээрх өрсөлдөөнийг дэмжих, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэл буюу баялаг бүтээгчдээ дэмжих тал дээр хамтарч ажиллах гэж байна. Мэдээж хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөх асуудлууд гарна. Тиймээс хэрэглэгчээ дээдэлсэн дотоодын үйлдвэрлэлийг, ялангуяа импортын бараа бүтээгдэхүүнээс ялгаж салгах, нөгөө талдаа зэх зээл дээрх өрсөлдөөнийг ижил тэгш байдлаар зохицуулах, эргээд төр засгийн хүрээнд эрх хүрээний өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах шаардлагатай гэж харж байгаа. энэ чиглэлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллана.