Баялаг бүтээгч нэвтрүүлгийн буланд Өрхийн үйлдвэрлэгч, жинхэнэ ЖДҮ О.Баатарчагнаа оролцлоо. Түүний бизнес бол эгэл даруухан бөгөөд чамин ур хийцтэй, гоёмсог арьсан цүнх, түрийвч, тэлээ юм. ШУТИС-д Нэхмэл эдлэлийн чиглэлээр суралцаж байсан тэрбээр төгсөх курсдээ бэртэл авч сургуулиа төгсөж чадаагүй аж. О.Баатарчагнаа сургуулиа орхисноос хойш боловсролгүй гэж зүгээр суулгүй хамаатны ахыгаа дагаж ажилд нь тусалж явсаар амьдралаа арьсан эдлэлийн салбартай холбосон нэгэн.

Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баялаг бүтээгч О.Баатарчагнааг хүмүүс хувь хүн талаас нь бус хийж байгаа ажлаар нь сошиалд маш сайн мэддэг юм билээ. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу ?

Сайн байна уу? Юуны өмнө хийж байгаа ажлыг минь өндрөөр үнэлж, бусдаас түрүүлж олж хараад биднийг сурталчилж өгөхөөр ирсэн “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн хамт олонд болон “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр ахад талархлаа. Намайг Ойдов овогтой Баатарчагнаа гэдэг. Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Эцэг эхээс зургуулаа. Дээрээ 5 ах эгчтэй, айлын бага хүүхэд байна. Одоо 33 настай. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл 4-үүлээ амьдардаг. Одоо удахгүй шинэ хүнээ угтан авахаар хүлээж байна.

Арьсан эдлэлийн салбар луу хэзээнээс орох болов, Ер нь яагаад энэ салбарыг сонирхож орсон бэ?

Миний хувьд эцэг эхээс заяасан гарын ур дүйтэй гэж боддог. Манай аавын талынхан дандаа гарын ур дүйтэй хүмүүс бий. Манай эгч ах нарч гэсэн зах зээл дээр өөр өөрийнхөө бизнесийг эрхлээд явж буй нэр нь түгээгүйч дандаа гоё зүйл хийдэг хүмүүс бий. Харин миний хувьд эцэг эхээс заяасан гарын ур дүйгээ хөгжүүлнэ гэж мөрөөдөлдөө хөтлөгдөөд ШУТИС-т Нэхмэл эдлэлийн дизайнераар сурч байсан. Сургуульд сурч байхдаа “Говь” ХК-д дадлага хийж байлаа, бас өөр бас бус арьсан эдлэлийн үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Сурч байхдаа бэртэл аваад сургуулиа орхисон. Сургуульгүй болчихсон хүн чинь мэдээж зүгээр сууж болохгүй шүү дээ. Гарын ур дүйндээ л найдаж амьдрахаас өөр сонголт байгаагүй. Хамаатныхаа ахад шавь орж юм хийдэг байсан. Ах маань Монголын төрийн тэргүүнүүдийн бүс тэлээг хийдэг хүн байсан. Ерөнхийлөгч асан Багабанди, Н.Энхбаяр, ерөнхий сайд асан С.Баяр гэх мэт дандаа томчуудын бүс тэлээ хийж байсан. Тэр үед авага ах маань ч гэсэн жижиг бизнес эрхлэгч, харин би ажилтан нь байсан. Анхны ажил олгогч маань. Ах маань одоо бурхан болсон байгаа.

Үр хүүхэддээ өвлүүлж үлдээх бизнестэй байхыг хүссэн эцэг хүний хайраас гарсан бизнес

Өрхийн үйлдвэрлэлийг хэзээнээс хийж эхэлсэн бэ? Арми брэндээ байгуулсан түүхээ хуваалцаач

О.БААТАРЧАГНАА: Өрхийн үйлдвэрлэлийг хийгээд 6-7 жил болж байна. Яг хувиараа биеэ даагаад гэсэн үг шүү. Энэ 6-7 жилийн хугацаанд нилээд олон удаа шантарсан, бүтэлгүйтсэн. Олон ч удаа цуцсан зүйл байгаа. Бизнестээ зургаа, долоо удаа нэр өгч байсан ч бүтэлгүйтсэн /инээв/. 2 жилийн өмнөөс л Арми брэндээ байгуулаад, өрхийн үйлдвэрлэлээс үйлдвэрийн түвшин рүү шилжээд байна.

Уул уурхайгаа ухаж, алт эрдэнэс баялагаа гадагшаа гаргаад байгаа мундаг том бизнес эрхэлж байгаа хүмүүс бол хэзээ нэгэн цагт дуусдаг баялаг дээр л тоглолт хийж байна шүү дээ. Байгалийн баялаг бол дуусдаг, харин үйлдвэрлэгчид гэдэг эх орны дуусашгүй баялаг. Дэмжээд л байвал хол явах түлхүүр шүү.

Ч.ДАВААБАЯР: Зах зээл дээр багагүй хэрэглэгчтэй болж эхэлсэн хугацаа нь хэдийгээр 2-хон жил ч гэлээ, үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж, хөдөлмөрлөж байсан хугацаа нь багагүй хугацаа юм байна. 6, 7 удаа шантарч, буцаж байсан гэхээр бизнесийн хүний тэр дундаа Баялаг бүтээгчийн зовлонг ойлгодог болсны жишээ яах аргагүй мөн. Таны хувьд бизнес эрхлэгч баялаг бүтээгч хоёрын ялгаа юу вэ ? Баялаг бүтээгч гэж хэн бэ?

О.БААТАРЧАГНАА: Бизнес эрхлэгч гэдэг мэдээж ашгийн төлөө явж байгаа бүх л салбарын худалдаа наймаа эрхлэгчид, пүүс компанийн захирлууд, хувиараа юм хийж байгаа хүмүүс орох байх лдаа. Үйлдвэрлэгчид гэдэг чинь өөрсдөө улс эх орныхоо Баялаг нь гэж би хувьдаа боддог. Миний хувьд Импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж гадны улсаас хараат бус байхын төлөө бага ч болов хичээж л явна. Үйлдвэрлэгчид бид л сайн хичээвэл улс эх орноо хөгжүүлж чадна гэж боддог. Одоо энэ уул уурхайгаа ухаж, алт эрдэнэс баялгаа гадагшаа гаргаад байгаа мундаг том бизнес эрхэлж байгаа хүмүүс бол хэзээ нэгэн цагт дуусдаг баялаг дээр л тоглолт хийж байна шүү дээ. Байгалийн баялаг бол дуусдаг, харин үйлдвэрлэгчид гэдэг эх орны дуусашгүй баялаг. Дэмжээд л байвал хол явах түлхүүр шүү. Гол нь төр засаг маань дэмжээд, туслаад өгвөл арай хурдацтай хөгжих болов уу. Нөгөөтээгүүр бизнес хийж байгаа гол зорилго маань үр хүүхдээ л гэсэн сэтгэл л дээ. Миний үр хүүхэд ирээдүйд хэний ч гарыг харалгүй өөрсдийн гэсэн хөрөнгөтэй, эцэг эхээс өвлөөд авах бизнестэй, хөрөнгөтэй байвал сайхан шүү дээ.

МОНГОЛЫН АРЬСАН ЭДЛЭЛИЙН САЛБАРТ НЭГЭН ЦОО ШИНЭ КОМПАНИ БАЙГУУЛАГДЖЭЭ

Баялаг бүтээгч нэвтрүүлгийн баг О.Баатарчагнаатай ярилцсаар “Арми ” брэндийн үйлдвэр дээр ирлээ. Жижигхэн орон зайг маш ухаалгаар шийдсэн гайхалтай тохижилттой үйлдвэрээс арьс, савхины үнэр, модны үнэр ханхалж байлаа. Нэвтрүүлгийн ивээн тэтгэгч Сарнай цэцгийн дэлгүүрийн зүгээс бэлдсэн Цэцгийн баглаагаа хайртай эхнэртэй өгснөөр түүний эхнэр Э.Мөнхтуяатай бид танилцлаа .

Арми брэндийн үүсгэн байгуулагчийн маань гэргий удахгүй маамаалах гэж байгаа гэж нөхрөөс тань дууллаа. Шинэ хүнээ угтан авах гэж буй танай гэр бүлд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач

Намайг Энх-Амгалангийн Мөнхтуяа гэдэг. Арван жилээ нийслэлийн 97-р дунд сургуулийг төгссөн. “Мон бэйкэри” ХХК бялууны үйлдвэрт ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгч “Монбэйкэри” бялууны үйлдвэртээ 7 жил ажиллаж байгаа хүн байна. Одоо декриттэй байгаа. Нөхөртөө туслаад нөхрийнхөө хийж буй ажлыг нь хүмүүст таниулчих юмсан гээд л Сошиалыг нь хариуцаад давхар, бараагаа сурталчлаад, борлуулалтаа хийдэг. Бэлэн хийгээд өгсөн бүтээлийг нь сурталчлаад өгөх нь сайхан шүү дээ.

Сошиал хуудсаа тэгэхээр та хөгжүүлдэг байх нээ. Танай пэйж маш их хандалттай, идэвхтэй юм билээ. Асуусан коммент бүрт хариулаад л, inbox-тоо шуурхай хариулж байсан. Тэгэхээр ард нь та байдаг байх нээ?

ГЭРГИЙ Э.МӨНХТУЯА: Нөхөр бид хоёр 2-лаа л байдаг. Нэг ч хэрэглэгчийг алдахгүй юмсан гэсэндээ сонирхсон хүн бүрт мэдээллээ сайн өгөхийг хичээдэг, Тэгж байж л хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглэнэ шүү дээ. Нэг зураг оруулчхаад үнээ тавихгүй, хариулахгүй, яасан ийсэн нь тодорхойгүй бол хэн бидний бүтээлийг авахыг хүсэх вэ дээ

Бизнес эрхэлж байгаа тэр дундаа үйлдвэрлэл хийж байгаа хүн бүрт анхны хөрөнгө оруулагч, анхны худалдан авагч, анхны борлуулсан бараа гэх мэт анх хөлд оруулж бойжуулсан зүйл байдаг. Танай хувьд Арми брэндтэй холбоотой хамгийн анхны зүйлүүдээ хуваалцаач

О.БААТАРЧАГНАА: Нуруундаа бэртэл аваад авга ахдаа тусалдаг болсноос хойш нэг жил эхнэр бид 2 хөдөө Архангайд амьдарсан юм. Тэр үед найз маань урагшаа “Техник технологийн үзэсгэлэн яармаг болдог, тэр үзэсгэлэн яармагт очиж юм үзэж судла” гэж зөвлөж байсан юм. Бид 2 ч зүгээр суухаар гээд хэд хэдэн үзэсгэлэнд очиж туршлага судалсан. Үйлдвэрлэл хөгжсөн оронд чинь техник технологийн хувьд байхгүй юм байхгүй сайхан юм билээ. Тэндээс хэд хэдэн арьсан эдлэлийн тоног төхөөрөмж судлаад л, тэр цагаас хойш өөрсдөө юм хийе гэж зориг шулуудсан. Тэр үед авч байсан хамгийн анхны оёдлын машин маань одоо ч ажиллаж байгаа.

ГЭРГИЙ Э.МӨНХТУЯА: Манайх анх СХД Баянхошуунд манай аавын хашаанд үйлдвэрлэлээ эхэлж байлаа. Хашаандаа дэлгүүртэй, дэлгүүрийнхээ хажууд үйлдвэрлэлээ эрхэлж байсан. Бид 2 шууд ийм сайхан дардан байгаагүй ээ. Маш олон уналт босолтыг үзсэн. Нэг сайхан юм хйичихмээр байдаг, арга эвээ олж өгөхгүй их л юм болсондоо.

Тэгэхээр хамгийн анхны хөрөнгө оруулагч тань аав чинь байжээ.

Ажлын байраар, үйлдвэрлэлийн объектоор хангасан нь бол тийм. Харин анхны оёдлын машин зэргээ бол нөхөр маань өөрөө авсан. Харин хамгийн анхны бүтээгдэхүүн маань их гоё түүхтэй. 2019 оны тэр жилийн наадам бол манай гэр бүлийн хувьд хамгийн мартагдашгүй сайхан дурсамжтай зүйл. 2019 онд Халх голын 80 жилийн ой тохиож байсан юм. Нөхөр маань Халх голын 80 жилийн ойд зориулж “Халх гол” гэсэн бичигтэй, логотой түрийвч хийгээд, би тэр зургийг нь фэйсбүүктээ оруулж байсан. Анхны логотой, үгтэй хийсэн бүтээл болохоор хүмүүст ямар санагдах бол гэдэг утгаар нь фэйсбүүктэй оруулсан. Тэгтэл өглөө сэрээд фэйсбүүкээ үзтэл бөөн шэйр лайк, хандалт, маш олон хүний захиалга ороод ирчихсэн байсан. Бид 2 чинь урамшаад , юун наадамлах нөгөө орж ирсэн захиалгуудаа хийгээд тэр жилийн наадмаар огт завгүй өнгөрсөн. 2019 оны 7 сарын 6-ны өдөр байсан юм.

О.Баатарчагнаа, Э.Мөнхтуяа нарын “Арми” брэндийнхээ үүслийг ярихдаа үнэхээр сэтгэл дүүрэн аз жаргалтай байгааг харах сайхан юм

Өрхийн үйлдвэрлэл хийх үеэс үйлдвэрлэгч рүү шилжих үед бэрхшээлтэй зүйл гарч байна уу? Боловсон хүчин, татвар, даатгал гэх мэт.

Одоохондоо манайх жижиг үйлдвэр учир харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ Ковидын хөл хориогоор ажилчдын цалин, түрээсийн төлбөр гэх мэт бэрхшээл гарсан. Маш чадварлаг мэргэжлийн хүмүүсийг авчирсан болохоор надад итгэж, намайг түшиж ирсэн багш, ажилчдаа цалин орлогогүй байлгаж болохгүй шүү дээ.

Түрээсийн төлбөр яаж шийдсэн бэ ? Түрээслэгч үнээ бууруулах, түрээсээ зогсоох гэх мэт зүйл хийвүү ?

Түрээсийн үнээ бол авдгаараа авсан. Гэхдээ тодорхой хэмжээгээр хөнгөлж өгсөн. Түрээслэгч ч гэсэн ардаа амьдралтай. Тэр хүн чгэсэн түрээсийн орлогоороо амьдарч байгаа болхоор 2 талдаа бие биенийгээ ойлгоод зохицчихдог.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧ О.БААТАРЧАГНАА БОЛОН ТҮҮНИЙ ГЭРГИЙ Э.МӨНХТУЯА, ТҮҮНИЙ ХАМТ ОЛОНТОЙ ЯРИЛЦСАН НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭЛ НЬ ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ