Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулсан эрүүл ахуйн протокол, Аялахад Аюулгүй гэсэн тэмдгийг шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй олгож, шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээхэд нь тусалж байна. Тэгвэл шаардлагатай нөхцлийг хангасан аялал жуулчлалын компаниудад “Аюулгүй аялалын шошго” олгож эхлэх тухай Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлж байна.
Жил тойрон зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх санаачлагын хүрээнд эрүүл мэндийн шинэ удирдамж боловсруулахдаа найман салбарт товч баримт бичгийг бий болгохыг зорьж байна. Ингэснээр хувийн хэвшил нийтлэг нэг стандарттай болж, салбар хэвийн хэмжээнд шилжинэ гэж үзжээ. Тэр дунд агаарын тээвэр, зочлох үйлчилгээ, тур оператор, даатгал, богино хугацааны түрээс зэрэг аялал жуулчлалын салбарт оролцоотой 11 чиглэлээр Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс удирдамж боловсруулсан байна.
Эдгээр удирдамж нь улс орнуудын эрх бүхий байгууллагуудыг нэгдсэн удирдамжаар хангахын зэрэгцээ COVID-19-ийн дараах дэлхийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шинэ хандлагын талаар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч, тур оператор, аялагчдад зориулсан зааварчилгаа болох юм.
Аюулгүй аяллын удирдамж тус бүрдээ дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд үйл ажиллагааны болон ажилтнуудын бэлэн байдал, аюулгүй үйлчилгээ үзүүлэх, аялагчдын итгэлийг сэргээх, бодлогын түвшинд дэмжлэг авах зэрэг багтаж байна. Энэ нь цар тахлын халдвартай тэмцэх зорилгоор тусгайлан бий болгосон дэлхийн аялал жуулчлалын салбарын анхны аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмдэг бөгөөд аялагчид дэлхийн өнцөг булан бүрт очихдоо аюулгүй аялах шошгоор бэлтгэл, бэлэн байдлыг таних юм. Харин бүх улс орон, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, зорин очих улсын эрх бүхий байгууллагууд Аюулгүй аяллын удирдамжуудыг, агаарын тээврийн салбарт Олон улсын иргэний нисэхийн байгууллага, “Нислэг: Ковид-19 нийгмийн эрүүл мэндийн хямралын үеийн агаарын аяллын удирдамж”- ийг мөрдсөн тохиолдолд энэхүү тэмдгийг ашиглах боломжтой. Одоогийн байдлаар аюулгүй аялалын шошгыг 300 гаруй улс авч аялагчдад үйлчлэхэд бэлэн, аюулгүй гэдгээ нотолж баталгаажуулах тэмдгээ авчээ.