Дэлхий нэг эдийн засагтай, нэгдмэл зах зээлтэй болж байгаа өнөөгийн нөхцөлд өөрийн орны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих төрийн бодлогын тухай асуудлыг авч үзэхдээ Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудын туршлагыг судлан үзэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Бизнес эрхлэлтийн таатай нөхцөл байдлаар нь дэлхийн улс орнуудыг эрэмбэлдэг рейтинг бий.
Тэгвэл төв Азийн орнууд дотроо эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт, бизнес эрхлэлтийн таатай нөхцөл байдал, эдийн засгийн хөгжлөөрөө яах аргагүй Казахстан тэргүүлж байна.


Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан тус улс энэ чансаагаараа Франц, Италийг гүйцэж түрүүлэн Япон улстай бараг нэг төвшинд ирсэн байна. ‘‘Heritage Foundation’’-ы тэмдэглэснээр Казахстан улс эдийн засгийн өндөр төвшнийхээ нөлөөгөөр сүүлийн 10 жилд томоохон амжилт гаргаж буй юм. Тус улсын ДНБ 429 тэрбум ам.доллараас дээш гарч, нэг хүн амд ногдох ДНБ нь 24.268 ам.доллар болжээ. Харин эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж үзүүлэлт нь сүүлийн таван жилд тав орчим хувь болсон байна. Эдийн засгийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн тус улс цаашид ч баялгаа нэмэгдүүлэх төлөв гарчээ.

Казахстнаны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн найман жилийн дотор бараг 2 дахин өсч 2012 оны байдлаар 1,4 саяд хүрчээ. Үүний үр дүнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эзлэх хувь 92-оос 95 хувь болтлоо өсч, сүүлийн гурван жилд өөрчлөгдөөгүй. Энэ маягаар хувийн бизнес нь хүн амын эдийн засгийн идэвхтэй хэсгийн дунд нийтлэг болж байгаа бөгөөд энэ нь тус улс дахь бизнесийн уур амьсгал таатай байгааг гэрчилж байна.

Жижиг, дунд бизнес огцом өсч байгаа нь төрөөс татварын системийг сайжруулах, захиргааны саад тотгорыг багасгах, санхүүгийн болон бусад хэлбэрийн тусламж үзүүлэх замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаатай холбоотой.

Тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ:

Үр дүнтэй жижиг, дунд бизнес нь хот, хөдөөгийн хөгжлийн баттай үндэс суурь болж чадна, энэ нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жижиг, дунд бизнесийг дэмжихэд төрөөс онцгой анхаарал хандуулах ёстой

хэмээн онцолж байжээ.

Үүний зэрэгцээ Казахстаны засгийн газар бизнесийн салбараа дэмжих “2020 оны бизнесийн замын зураг” хөтөлбөрийг “Бизнесийн боломжийг сайжруулах” нэртэй төслөөр баяжуулжээ. Дээрх хөтөлбөрт эдийн засгийн томоохон салбарт ажилладаг бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой. Энэ хөтөлбөр гурван чиглэлд хэрэгждэг. Үүнд:

  1. БИЗНЕСИЙН ШИНЭ САНААГ ДЭМЖИХ. Төрөөс үзүүлэх энэ төрлийн дэмжлэг нь төслийн санхүүжилтэд банкнаас мөнгө зээлэхэд хүүг нь төрөөс төлөх (7%), банкны зээлийг төрөөс батлан даах (70% хүртэл), үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
  2. ХЯМРАЛААС БОЛЖ ЭРСДЭЛД ОРСОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН “БИЗНЕСИЙН СЕКТОРЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ” ЧИГЛЭЛ. Энэ чиглэл нь 2012 он хүртэл хэрэгжсэн бөгөөд дараах дэмжлэгүүдийг хамарна. Үүнд:
    • Өмнө авсан болон шалгарсан төслүүдэд нэгдсэн байдлаар олгох гэж буй зээлийн хүүг хэсэгчлэн төлөх;
    • Торгууль тавихгүйгээр тухайн компанийн татварын өрийн төлөх хугацааг хойшлуулах асуудлыг авч үзэх
  3. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭН ДЭХ БУСАД АРГА ХЭМЖЭЭНҮҮД. Жишээ нь: Казахстаны хөрөнгийн бирж дээр байршсан төрийн үнэт цаасаар дотоодын банканд тавьсан өрийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг хамаарна.

Тэгвэл хөрш Киргиз улс нь Казахстанаас маш их хоцорч байна. “Heritage Foundation’’-ы тэмдэглэснээр тус улс асар их нөөц бололцоотой хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, эрх баригч бүлгүүдийн үйл ажиллагаанаас болж томоохон шинэчлэл хийж чаддаггүй аж. Үүнээс гадна авилга хаа сайгүй цэцэглэж, хууль сулхан, өмчийн эрхийг хамгаалалт муу байгаа нь эдийн засгийн өсөлтийг хойш чангааж байна.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Ч. ДАВААБАЯР

Нийтэлсэн