Жижигхэн Монгол гарааны бизнес олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болно гэдэг бахархахгүй байхын аргагүй. Хүн гэдэг тэмүүлэлтэй байж, хурдтай ажиллаж чадвал ямар ч жижиг бизнес амжилтад хүрч болдгийг мянга, мянган залууст үлгэрлэн харуулсан Лхамоур брэндийн үүсгэн байгуулагч, хатагтай Д.Хуланг “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтээ урилаа.
ӨМНӨ БА ОДОО
Д.Хулан маань 2015 онд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл анх эхэлж байхад Нийслэлийн баялаг бүтээгчээр орж байсан юм. 6 жилийн өмнө Лхамоур-чууд зургуулаа ажилладаг, 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж билээ. Хамгийн дурсамжтай нь нэвтрүүлгийн баг очиход үйлдвэрийн байр нь үерт авчихсан, энд тэнд саван, ванны бөмбөмлөг ууссан байсныг бид мартдаггүй юм. Өөрийн гэсэн дэлгүүргүй ч экспортыг мөрөөддөг, үндэсний брэндээ дэлхийн тавцанд заавал гаргана гэсэн хүсэл тэмүүлэлтэй хамт олон өнөөдөр 6 жилийн дараа 33-уулаа, 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3 нэрийн дэлгүүртэй, 9 улс руу экспортолсон туршлагатай хамт олон болсон тухай сонирхолтой сайхан ярилцлагыг хүргэж байна.
Ч.ДАВААБАЯР: Үндэсний үйлдвэрлэгч “Лхамоур” брэндийн бүтээгдэхүүнийг Дэлхийн алдарт HARPER’S BAZAAR Өвлийн улиралд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн хэмээн онцолсон. Түүгээр ч зогсохгүй ажил албаар гадагшаа явах болоход гадаадад байгаа хүмүүсийн хамгийн их захиж, авчруулдаг зүйл нь “Лхамоур – ийг л аваад ир” гэдэг болсон байна лээ. Лхамоур брэнд өөрөө үнэхээр гайхалтай түүхээр бүтсэн юм билээ. Тэгхээр манай үзэгчид болон уншигчдад Лхамоур бүтсэн түүхийг хуваалцаач.
Д.ХУЛАН: Анх өөрийнхөө арьсны асуудлын шийдлийг олохоос эхлээд органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа маань үүссэн. Харин дараа нь илүү том болж надтай адил арьсны ямар нэгэн асуудалтай байгаа бусад хүмүүсийн амьдрал болон нийгэмдээ томоор нөлөөлөх хэрэгтэй юм байна гэсэн бодлоос Lhamour Брэнд маань үүссэн түүхтэй.
Европт олон жил амьдарсныхаа дараа 2012 онд “Ньюком” групп-т мэргэжлээрээ буюу сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллахаар Монголдоо эргэж ирсэн. Удалгүй агаарын бохирдол, чанар муутай ус, эрс тэс уур амьсгал зэргийн нөлөөллөөс болж амьдралдаа харшил, тууралтгүй явсан би харшилтай болж эхэлсэн. Яах учраа олохгүй их гайхаж эхэлсэн. Би хэзээ ч арьсны асуудалтай байгаагүй учраас арьс маань надад хэр их чухал гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй юм билээ.
Би эмч нартай зөвлөлдсөн бөгөөд тэд намайг нэгэнт л гадны сөрөг нөлөөллийг өөрчилж чадахгүй тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Би тохирох бүтээгдэхүүн тухайн үед олж чадахгүй гэрийнхэндээ захиж гаднаас авчруулдаг байлаа. Гэсэн ч тэр нь органик гэсэн хэрнээ яг ч 100 хувь байгалийн гаралтай биш эсвэл чанар муутай, бас үнэтэй байгаад байсан. Нэг жижигхэн граммтай тос гэхэд л 20 евро байх жишээний. Гэрийнхэн маань тухайн үед “Бид нар байнга чамд ийм үнэтэй бүтээгдэхүүн явуулж байх юм уу? гэдэг байлаа /инээв/
Тиймээс бүтээгдэхүүний найрлагын жагсаалтыг анхааралтай үзэж, ер нь яг байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж яг юуг хэлээд байгааг судалж эхэлсэн. Өөрийнхөө асуудлыг эргэцүүлээд, энэ нь харин намайг арьс болон бүтээгдэхүүн хоорондын нөлөөг судлах хүсэл тэмүүлэлтэй болгосон юм. Үүнийгээ илүү гүнзгийрүүлээд, дэлхийн тэргүүний Органик гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн Формула Ботаника-д сурч, мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний технологич болсон юм. Би ахисан шатны диплом авч, удалгүй монгол түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Гэртээ хүссэн бүтээгдэхүүнээ гаргаж авч хийж байлаа. Дараа нь өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүний инстаграм хуудсандаа тавьж яг над шиг арьсны асуудалтай байсан гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө бэлэглэж эхэлсэн. Яг тэр үеэс л хүмүүс “Энэ чинь үнэхээр зүгээр юм байна, Гоё юм байна” гэж сонирхож эхэлсэн. Lhamour брэндийн эхлэл ингэж л тавигдсан. Ер нь хүмүүсийн ихэнх нь :
- арьсны харшилтай
- арьс нь ямар төрөл болохыг мэддэггүй
- бүтээгдэхүүнүүд яг аль нь тохирох талаар хангалттай мэдээлэл байдаггүй
- арьсны тухай худал мэдээлэлд итгэн өдөр тутмын буруу арьс арчилгаатай
- арьсыг чухал гэж үздэггүй болж таарсан.
Тиймээс би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээ ашиглан арьсны асуудлаа шийдэхээс гадна Монголынхоо гайхалтай өвөрмөц түүхий эдийг хэрэглэж болох боломжоо ашиглан, хувиараа бизнес эрхлэх аялалаа эхлүүлсэн. Тиймээс LHAMOUR нь хайр дээр суурилсан гэдэгт би итгэдэг. Өөрийгөө хайрлах, өөртөө анхаарал тавих, бусдыг хайрлах, хүрээлэн орчноо хайрлахын зэрэгцээ бусаддаа мэдлэг, хүсэл тэмүүллийг хуваалцах философийг түгээж байгаа юм.
Компаниа үүсгэн байгуулсанаар суралцсан гол зүйл бол өөрөө өөртөө итгэх хүч.
Д.ХУЛАН: Бид Монголдоо бүх бүтээгдэхүүнүүдээ гар аргаар хийж байгаагаараа бахардаг. Түүхий эдээ боловсруулахаас авахуулаад, эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шат дамжлага бүрийг бид өөрсдөө хариуцан хийдэг. Монгол улсад маань маш өвөрмөц, онцгой, хүний биед хэрэгтэй олон түүхий эд, эмийн ургамал байдаг нь яалт ч үгүй эх дэлхийгээс бидэнд өгсөн бэлэг билээ. Бид хүн бүрийн арьсанд тохирсон, хамгийн эрүүл, чанартай бүтээгдэхүүн хүргэхийг хичээж байгаа.
Бүтээгдэхүүнээ 100 байгалийн органик түүхий эдээр эмзэг мэдрэмтгий арьстай олон үндэстэнд зориулж үйлдвэрлэдэг болохоор Лхамоур-ийн бүтээгдэхүүнийг өнөөдөр дэлхийн олон үндэстнүүд хэрэглэдэг болжээ ?
Д.ХУЛАН: Бидний талаар олон улсын маш олон телевиз, сэтгүүл, сонинууд мэдээлэлж, бидний алсын харааг дэмжсэнд баяртай байдаг. Энэ нь бидэнд маш ихээр урам зориг өгч, улам ихийг хийж бүтээхэд маань тус дэм болж байгаа. Мөн хүн хэчнээн жижиг зүйлээс ч эхэлсэн ч шаргуу хөдөлмөрлөж, бусдын амьдралд эерэг зүйлсийг хүргэх юм бол олон улсад ч амжилт олж болохыг бид харуулахыг хичээж байна.
Олон улсын зах зээлд Монголын брэндийг гаргаж чадсан гол үзүүлэлт минь эхнээс нь бүх зүйлийг стандартын дагуу хийх ёстой гэсэн манай байгууллагын үзэл баримтлал байх. Хүн эрүүл мэнд, гоо сайхнаа хайрлахын хирээр байгаль дэлхийгээ хайрлаж байх учиртай. Бид сав баглаа боодлоосоо эхлээд бүхнийг олон улсын стандартад нийцүүлэн байгальдаа ээлтэй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
LHAMOUR брэндийн бүтээгдэхүүний талаар гадаадын олон гоо сайханчид, make up артистууд танилцуулга хийсэн бичлэг байдаг юм билээ. Бүтээгдэхүүнээ хэчнээн орон луу гаргаж байгаа вэ ?, Бас хамгийн анхны экспортоо хаашаа гаргаж байв
Д.ХУЛАН: Лхамоур бол гэрээсээ эхэлсэн Монгол охины тухай байхаа байсан. Лхамоур маань өнөөдөр олон улсад, олон хүнд хүрч, хүмүүсийн амьдралыг өөрчилж эхэлсэн. 2017 онд бид бүтээгдэхүүнээ анх Хонконг руу экспортолж байлаа. Анхны хэрэглэгчдийн маань нэг манай дистрибьютор болсноор энэ бүхэн эхэлсэн. Тухайн хэрэглэгчийн маань хүүхэд экземтэй байсан бөгөөд Lhamour-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсны асуудал нь шийдэгдсэн. Тэрбээр Хонконгт томоохон аудитын компанид ажилладаг байсан ч манай дистрибьютор болохын тулд ажлаасаа гарч байв /инээв/. Дараа нь Тайвань, Тайланд, Австрали, Америк, Кувейт, Энэтхэг улс руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн нь бүгд ижил түүхтэй.
Товчхондоо, дистрибьюторуудынхаа тусламжтай бид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэж байна. Одоо бид эмзэг мэдрэмтгий харшилтай арьсанд зориулсан эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн тодотголтойгоор спа, гоо сайхан, арьс арчилгаа гэх мэт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж АНУ, Австрали, Кувейт, Сингапур, Тайвань, Тайланд, Хонг Конг, Энэтхэг, Япон гээд 9 оронд бараагаа экспортолдог. Эдгээр улс орон руу бүтээгдэхүүнээ экспортлох явцад хамгийн хатуу шаардлага, өндөр босго тавьж байсан нь Япон. Бид олон улсын стандартыг хэдийнээ хангасан байсан ч тус улсаас тавьж буй маш олон нэмэлт стандарт, шаардлагуудыг бүтэн 2 жилийн хугацаанд бэлдэж, бүрэн хангаж байж бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж чадсан нь том алхам болсон. Японы дистрьютор маань ч гэсэн уйгагүй зүтгэсэн.
Д. ХУЛАН : “Бидний олон улсын дистрибьюторууд маань Лхамоураар дамжуулан өөрсдөө нийгэм рүү чиглэсэн гарааны бизнес эрхлэгч нар болж өөрсдийн улс орондоо эрүүл бүтээгдэхүүн, өөрийгөө, бусдыг болон эх дэлхийгээ хайрлах философийг ч түгээж байгаа. Үнэхээр бүх зүйлийг дээрээс нь цогцлоогоод өгчихсөн юм шиг санагддаг”
Ковид-19 цар тахлаас улбаалаад дэлхий нийт тэр чигээрээ дижитал шилжилт рүү асар хурдтай шилжлээ. Төрөл бүрийн device-уудыг хэрэглэж байна. Ухаалаг утасгүй хүн гэж Монголд байхгүй. Бидний хийж байгаа бизнес халаасанд минь байна. Халаасанд байгаа тэр ухаалаг Device – уудаар яаж ажилладаг вэ. Компанийнхаа маркетинг, стратегийн талаар хуваалцаач?
Д.ХУЛАН: Маш олон хүмүүс өөрийгөө голдог. Маш олон хүмүүс “Надад боломж нь байхгүй учраас би амжилтгүй байна” гэж боддог. Магадгүй манайх дээр жишээлж үзвэл: “Үүсгэн байгуулагч нь гадаадад байсан юм чинь мэдээж амжилттай л явж таараа шд ” гэж бодож байж магадгүй. Яг үнэндээ бол тийм биш. Яг одоо энэ 21-р зуунд бол бүх хүнд боломж нь халаасанд нь байгаа. Энэ бол маш чухал. Англи хэлийг бид ямар ч асуудалгүй хөдөө орон нутгаас сурч болно, ямар ч асуудалгүй Youtube – с хичээлээ авчихна, ямар ч асуудалгүй орон нутгийн хүмүүст бид нар page хуудсаараа дамжуулаад мэдээллээ өгчихнө. Тэгэхээр “надад энэ боломж нь байхгүй” гэдэг шалтаг байхгүй болж байгаа юм. Бидний хувьд бас л анх эхлэхдээ мөнгөгүй байсан. Би ч бас анх шалтаг тоочдог бизнес эрхлэгч байсан. “Манайх жижигхэн юм чинь, мөнгөгүй юм чинь тэр том том газрууд шиг маркетинг хийж чадахгүй “гэсэн хязгаарлагдмал бодолтой байх жишээний. Тэгвэл бид нарт хамгийн том боломжийг энэ сошиал медиа гаргасан. Бид үнэгүй page ажиллуулдаг, зургийг нь аваад үнэгүй пост оруулдаг. Ингэснээр биднээс ямар ч зардал гарахгүйгээр хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг харах боломжтой. Бидний хамгийн том давуу тал нь энэ үнэгүй зүйлүүдийг маш бүтээмжтэй байдлаар ашигласан. Тэгэхээр одоогийн яг энэ цаг үед буюу хөл хориогоор анзаарсан хамгийн чухал зүйл нь “нэгэнт манай дэлгүүрийг хүчээр хаасан юм чинь энэ үнэгүй зүйлийг гэрээсээ ашиглаад явъя” шийдсэн. 2020 онд манай байгууллага онлайн борлуулалт дээрээ түлхүү анхаарч, яг хөл хорионы үед борлуулалтын хөгжүүлэлт дээрээ сайн ажилласны үр дүнд манайхыг хүмүүс хүргэлтээр авсан.
Өнгөрсөн хугацаанд бид нэг ч удаа төлбөртэй маркетинг хийж үзээгүй. Харин оронд нь сошиал медиа буюу Instagram, Twitter, Facebook, LinkedIn ашигладаг. Дээр нь хэрэглэгчтэйгээ яг л найз мэт харилцдаг байсан нь бидэнд маш том давуу тал болсон. Үүнийхээ ачаар Lhamour брэнд өөрийн үнэнч хэрэглэгчдийг бий болгож чадсан юм.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийн 5 дахь дугаарын зочноор оролцсон Органик гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн гэсэн тодотголтой “Lhamour “ брэндийн үүсгэн байгуулагч, үндэсний үйлдвэрлэгч,хадагтай Khulan Davaadorj оролцсон нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗНЭ ҮҮ