
“ЖДҮ ба хоёр их наяд” ярилцлагын хүрээнд эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Эдийн засгаа сэргээх ажиллагаанд бүх л улс анхаарч байна. 10 их наядын төлөвлөгөөг зөв хэрэгжүүлэхгүй бол 2023 онд үр дүн гарахгүй байх вий гэх айдас байна. Эдийн засагч хүнийхээ хувьд та юу гэж харж байна?
-Яагаад хэрэгжихгүй гэж ?
-ЖДҮ хэмжээний ААН –ийг хуурсан цаг нөгчөөсөн зүйл л болж байна. Хөтөлбөрийн санаа нь эдийн засаг руугаа мөнгө оруулах. Энэ зөвхөн төрийн дарга нар зохиож олсон зүйл биш. Эдийн засагт орсон мөнгө нэгний санхүүжилт болно. Түүгээр иргэд ААН нөгөөгөө дэмжиж, барааг нь худалдан авна. Ингэж мөнгө солилцогдож эхэлснээр бизнес сэргэнэ. 10 их наядын хөтөлбөр ердөө л ийм зорилготой. Гэтэл 10 их наядыг зарласны хажуугаар энэ бол мөнгөний тэлэх бодлого. Гэтэл өнөөдөр Монголбанк эдийн засгаас мөнгө татах бодлогыг давхар хэрэгжүүлээд байна. Төвбанкны үнэт цаасаар дамжуулж маш их хэмжээний мөнгө татаж байна. Яагаад ЗГ нь мөнгө эдийн засагтаа оруулах гээд байхад Монголбанк нь эргээд татаад байгаа юм бэ. Сүүлийн гурван жил хэрэгжсэн.
Монголбанк ЗГ, Сангийн яамтайгаа “зодолдож” байгаа бодлого хэрэгжүүлээд байна. Бодлого хэрэгжихээс өмнө 5-6 их наяд төгрөг татсан байсан. Гэтэл одоо 9 их наяд төгрөг татчихаад байна. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нэг их наяд төгрөг татчихаад байна.
-Тэгэхээр Монголбанкны үнэт цаасны хүүг бууруулах шаардлага тулгарч байна ?
-Хэрэгжүүлье гэж зорьж байгаа бол урьдач арга хэмжээ буюу Төвбанкы үнэт цаасны хүүг тэглэх үгүй бол гурваас доош хувийн хүүнд оруулах байсан. Тэгвэл арилжааны банкууд мөнгөө гаргая, зээлээ олгоё. Үгүй бол бид өөрсдөө ашиг олохоо байлаа гээд ААН-ийн хойноос хөөж эхэлнэ. Бараг барьцаагүй зээл олгож эхэлнэ. Монголоос бусад бүх улсад банкууд бизнесийнхээ хойноос хүүг нь буулгая, урт хугацаатай, барьцаагүй зээл олгоё гээд байдаг. Харамсалтай нь монголд бизнесийнхэн банкуудын араас хөөцөлдөөд байдаг.
-Манай холбоо бүх аймгуудтай холбогдон судалгаа хийхэд зээл авсан хүн бараг байхгүй байна л даа.
-Өгөхгүй ээ. Банкууд өгөхгүй, өгөх шаардлагагүй, зорилгогүй болоод байна. Эрсдэл хүлээж ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл өгснөөс Монголбанкинд зургаан хувийн хүүтэй хадгалуулсан нь дээр. Хэрэгжихгүй, арван их наядын хөтөлбөр дотор суусан хоёр их наядын хөтөлбөр хэрэгжихгүй. Яаралтай бодлогоо өөрчилж, Монголбанктай учраа олох хэрэгтэй. Төсвийн бодлого, мөнгөний бодолго хоёр хоорондоо зодолдоод байна. Үр дүнд нь ямар бодлого хэрэгжих вэ.
-Ковид цар тахлыг ашиглан боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй байгаа юм. Үгүй бол 95 хувь импортын бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Хил гааль хэзээ хамаагүй хаагчдихдаг. Импортоос хараат учраас үнэ өсдөг олон эрсдэл дагуулж байна?
-Хэрэв эдийн засгаа хөгжүүлье босгоё гэсэн бодлого барьсан бол тодорхой үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг болохуйц салбарт зээл олгох байсан. Гэтэл хөтөлбөрийг харахаар нэг ААН –д 500 сая төгрөгийн зээл гэж байгаа юм. Жижиг үйлдвэр 2-3 тэрбум төгрөгт босно. Дунд үйлдвэр магадгүй 7-8 тэрбум төгрөг, том нь 100 тэрбумаар яригдана.
“Түмэн шувуут”, “Баян” компани бүх өндөгний хэрэгцээг хангадаг гэж ойлгож байсан үгүй гэдгийг сая шинэ жилийн үеэр л мэдлээ. 50 хувийг нь хойд хөршөөс авдаг байсан гэдгийг бүх монголчууд мэдлээ. Уг нь Оросоос импортлоод байгаа 50 хувиа дотооддоо үйлдвэрлэе гэхэд л 500 сая төгрөгөөр шийдэж чадахгүй.
Нийтэлсэн Г.Лхагвадулам