Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.
Иргэнд: 50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгоно.
Аж ахуйн нэгжид: ААН-д тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.
Уг арга хэмжээний хүрээнд ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхэлж “3 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38 сая, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг” байна гэж Монгол улсын сангийн яамнаас мэдээлсэн.
Харин уг шийдвэрийн хэрэгжилт бодит биелэлээ олохгүй байгаа талаар бичил, жижиг бизнес эрхлэгчид сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм. Үүний нэг жишээ нь:
Д.АЛТАНГЭРЭЛ: Би байгаа бүх эд хөрөнгө, хашаа байшин, үл хөдлөхөө барьцаалаад 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдах хүсэлтээ өгсөн. Харин банк надад 5 сая төгрөг л өгөх боломжтой гэсэн хариу өгсөн. Би Эргэлтийн хөрөнгөө нэмье, ажлын байр гаргая, тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ сайжруулах зорилготойгоор өтөрөөс олгож байгаа 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдахыг хүсч байна. Харин надад Иргэнд олгох 50 сая хүртлэх зээлийг тусгай хүмүүст олгож байгаа гэдэг тайлбарыг Хаан банкны Гачуурт тооцооны төв өгсөн.
НИЙТЭЛСЭН: Г.ЛХАГВАДУЛАМ