Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголт гуравдугаар сарын 10-наас эхлээд буй. Тус зээл нь жилийн 3%-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээл олгогдохоороо онцлог бөгөөд зээлийн дүнгийн 60%-д Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой /Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байх/ юм.
Тэгвэл зээл олголт бодит байдал дээр ямар хэрэгжилттэй явж буйг сурвалжлахаар Ikon-ын сурвалжлагын баг Хорооллын “Алтан төгрөг” худалдааны төвийн баруун талд байрлах Төрийн банкны Баянгол дүүргийн салбар нэгжийг зорьжээ.
Зээл олголтын нөхцөл байдлын талаар Төрийн банкны Баянгол дүүргийн салбарын захирал П.Бямбацэрэн: “Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих зээлийн хүсэлтийг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэнээс манай банк цахимаар болон биечлэн хүлээн авч байгаа. Иргэний хүсэлтийг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай салбар нэгжид 36 харилцагч зээлийн материалаа өгсөн. Үүнээс хоёр харилцагчид зээлийг нь олгоод байна.
Өөрөөр хэлбэл, бид ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу харилцагч нартайгаа холбогдоод холбогдох зээлийн судалгаа шинжилгээг хийж, зээл олголтоо эхэлсэн. Зээл авах хүсэлт өдөр ирэх тусам нэмэгдэж байна” хэмээн хэллээ.
Ажлын байрыг дэмжих зээлийн зориулалтын тухайд:
- Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх
- Дээрх зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлж болох ба дахин санхүүжүүлэх зээлд ЗБДС-аас батлан даалт гаргахгүй. Нийт олгож буй зээлийн 30%-ийг дахин санхүүжүүлэх боломжтой юм.
Дараагаар нь бид тус банканд хүсэлтээ өгч, зээлээ аваад удаагүй байгаа үндэсний үйлдвэрлэгч Экомүүн ХХК-ийг зорин очиж, ажлын байрных нь нөхцөл байдалтай танилцсан юм.
“МАНАЙ ҮЙЛДВЭР ДОЛООН АЖИЛТАНТАЙ. ЦААШИД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ 15 ХҮНИЙ АЖЛЫН БАЙРЫГ НЭМЖ ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН”
Үндэсний үйлдвэрлэгч Ecomoon ХХК-ийн захирал Д.Гантөмөр хэлэхдээ : КОВИД-19-ийн хүндрэлтэй үед жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжээд нэн хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь бидний хувьд маш том дэмжлэг. Би арав хоногийн өмнө Төрийн банкны интернет банкаар дамжуулж хүсэлтээ өгөөд, өчигдөр 300 сая төгрөгийн зээл авсан. Бидний ажлыг дэмжиж хурдан шуурхай ажиллан зээл олгосонд их баяртай байна.
Манай компани 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд чанар сайтай 100%-ийн сатин даавууг ашиглан ор хөнжлийн даавуу, гудас үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Манайх бүтээгдэхүүнээ жижиглэнгээр болон бөөнөөр борлуулдаг юм.
Өнгөрсөн хөл хорионы үеэр манай үйлдвэр хоёр сар гаруй хугацаанд тэг зогсолт хийсэн. Борлуулалт байхгүй болохоор эргэлтийн хөрөнгө дутаад ажилчдадаа цалин мөнгийг нь өгч чадахгүй байсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсан” гэлээ.
Тус үйлдвэр одоогийн байдлаар долоон ажилтантай бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж 15 хүний ажлын байрыг нэмж гаргах боломжтой болсон гэдгээ тэрбээр нэмж хэллээ.
“ӨЧИГДРӨӨС ЗЭЭЛҮҮД ГАРЧ ЭХЭЛСЭН. ТУХАЙЛБАЛ, ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГ ХАРИЛЦАГЧ ӨЧИГДӨР ЗЭЭЛЭЭ АВСАН”
Зээл авах хүсэлтийг ААН, иргэнээс хэр ирүүлж байгаа талаар Төрийн банкны бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Маркетингийн газрын захирал Б.Содонбаатар: “Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-ийн хүсэлтийг бүх салбар нэгжүүдээрээ болон цахимаар 2021 оны хоёрдугаар сарын 23-наас авч эхэлсэн. Хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-ны хооронд 1,606 зээлдэгчийн 337.6 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн. Бид ирсэн хүсэлтүүдийг дарааллын дагуу судалж, хурдан шуурхай олгох тал дээр анхааран ажиллаж байна. Өчигдрөөс зээлүүд гарч эхэлсэн. Өнөөдрийн хувьд аймаг орон нутгаас маш их хүсэлт ирсэн. Тухайлбал, Дундговь аймгийн нэг харилцагч өчигдөр зээлээ авсан.
Банкны зүгээс зээлийг ажлын тав хоногийн дотор зээлийг түргэн шуурхай шийдэхээр ажиллаж байгаа. Мөн тухайн зээлдэгчийн материал бүрдэлт хангалттай, бүрэн байвал саадгүй түргэн шийдвэрлэх зорилготой.
Зээлийн тавигдах шаардлагын тухайд:
- Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх
- НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх
- Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагууд байгаа” гэсэн юм.
Ийнхүү цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэлээ даван туулахаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-үүд зээл авч эхэлжээ.
Эх сурвалж: https://ikon.mn/