Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр /2021.03.09/ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.

“ТӨРӨӨС ЗЭЭЛ АВАХ ААН-ҮҮД НӨАТ ТӨЛӨГЧ БАЙХ ГАНЦ Л ШААРДЛАГА ТАВЬЖ БУЙ”

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулснаас хойш аж ахуй нэгж, иргэдээ дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Иргэд, аж ахуй нэгжийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар болсон. Эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээр макро зорилтот бодлогын хүрээнд багтаахын тулд судалгаа хийсэн. Бид арилжааны банкуудаар дамжуулж, 2 их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар боллоо. Төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганц л шаардлага тавьж буй. Энэ нь зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай юм.  Энэ төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр маш олон хүсэлтүүд ирсэн байна лээ. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай зээл олгоно.  Тиймээс энэ чиглэлээр арилжааны банкуудтай хамтран судалгаагаар 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл  олгоно. Аж ахуй нэгжүүдийн хувьд 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл батлан даалгаж, зээл авах боломжтой. 2020 онд уул уурхайг дагасан гадаад валютын худалдаа, гадагшаа явдаг жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг төлдөг үйлчилгээнүүд зогссон. Харин экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байлаа. Жишээлбэл, алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүнүүдийн экспорт бидний тооцсоноос харьцангуй эерэг гарсан учраас төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлсөн. Цаашид эдийн засаг идэвхжихэд төлбөрийн тэнцлийн дарамт байсаар байна. Гэхдээ энэ бүх зүйлүүд макро үзүүлэлтүүд энэ жил бидний хийх эдийн засгийн идэвхжлүүдийг зайлшгүй хийх шаардлага үүсч байгааг харуулж байна. И-баримтад 830 мянган ажил олгогч бүртгэлтэй. Өнгөрсөн жил 69 мянган ажлын байрыг бид алдсан бөгөөд эдийн засгийн идэвхжлийг хийхгүй бол 130 мянган ажлын байр алдах бодит эрсдэл бий болоод байна. Тиймээс зээлээр дамжуулж, эдийн засгийн идэхвжлийг сэргээх. Мөн бид төсөв дээр 4,1 их наяд төгрөгийн ачааллыг авч, covid-19-ийг даван туулж байна. Цаашид бид төсөв дээр нэмж ачаалал авах боломжгүй болсон учраас 2-3 их наяд төгрөгийн эдийн засгийн идэхжлийг нэмэхийн тулд зээл олгох замаар явж байна. Сүүлийн үед зээлийн нөхцөл болох татварын өр, төлбөр зэрэг зөрүү олголтууд яваад байсан нь ташаа мэдээлэл. Төрөөс бол зөвхөн НӨАТ төлөгч байх нэг л шаардлага тавьж буй. Мөн ААН-үүдийг 15-20 хүртэл хувийн хүүтэй зээлүүдээ 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжтой. Банкуудаар дамжуулж байгаа зээлүүдэд тавьж буй нэг зүйл бол маш том хяналттай олгогдоно. Мэргэжлийн байгууллагууд зээлийн үйлчилгээ дамжина гэдэг нь өөрөө хяналт шалгалтын функцийг бий болгож байгаа юм. Тиймээс банк бусаар дамжуулах, зориулалтын бусаар ашиглавал 3 хувийн хүүтэй зээлээс хасагдаж, 16-аас дээш хувийн хүүтэй зээл рүү шилжиж, төр зээлээ банкнаас суутгаж авах зохицуулалт хийсэн.

Одоогоор арилжааны банкуудаас зээл авахаар 3400 аж ахуй нэгж, бичил бизнес эрхлэгч 20 гаруй мянган иргэн зээл авах хүсэлтүүдээ ирүүлсэн байгаа юм байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Төв банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын төлөвлөгөөний репо санхүүжилт, ипотекийн зээл, ажлын байрыг дэмжих хөтөлбөр гэсэн хэсэгт хамтран ажиллаж байгаа. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад ажлын байрыг нэмэх чиглэлээр банкуудтай холбогдох албаныхан уулзаж, гэрээнд гарын үсэг зурсан учраас энэ ажил эхлэхэд бэлэн болсон.

“ТАРИАЛАН, НООЛУУР БЭЛТГЭХ, МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ГАРГАНА”

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Манай салбарт 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр олгоно. Газар тариалан 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих чиглэлээр 200 тэрбум төгрөгийн зээл гарч байгаа. Зээлүүд бүгд 3 хувийн хүүтэй. Ноолуурын зээл Хөгжлийн банкаар, малчдад зориулсан нь арилжааны банкны эх үүсвэрээр гарна. Нийт зээл хаврын тариалалт, ноолуур бэлтгэл гаргахаас өмнө олгоно.

“ЗЭЭЛИЙГ ТАНИЛ ТАЛЫН НӨЛӨӨЛӨЛ ОРУУЛАХГҮЙН ТУЛД АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛЖ БАЙГАА”

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Өнгөрсөн хугацаанд олгосон зээлүүд багадаагүй, эзэндээ хүрдэггүй байсан. Одоо арилжааны банкуудаар дамжуулахаар өөрсдөө эрсдэлээ дааж байгаа учраас барьцаа хөрөнгө өндөр, томоохон аж ахуй нэгжүүд авдаг гэсэн шүүмжлэл их байна?

-2020 онд нийт банкуудын системээр дамжуулдаг зээл 15 хувиар буурсан учраас дутагдаж байна гэсэн үг. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн, эзэндээ хүрэх чиглэлээр бодлогын шийдвэр гаргаж явна гэдэгт эргэлзэхгүй байна.

-ААН-д олгох зээл намын хамаатан, ах дүү нараараа дамжаад явдаг. Барьцаа хөрөнгөгүй зээл авч чадахгүй байдаг хяналт тавьдаг?

-Энэ алдааг давтахгүйн тулд арилжааны банкуудаар дамжуулж байгаа юм. Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь тогтвортой, зээл авагчдаа мэддэг. Зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банк маш шуурхай олоод мэдчих боломжтой.

-2021 оны улсын төсөвт тодотгол хийх үү. Хэт өөдрөг төсөв тавьсан ч өнөөдөр нөхцөл байдал өөр байна?

-2021 онд төсөвт тодотгох хийх эсэх талаар одоогоор шууд хэлэхэд хэцүү. Төсвийн тухай хуулиар зохицуулагдаж, тодотгол хийх тусгай нөхцөл үүссэн байх ёстой. Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого 100 хувь гарсан учраас эдийн засгийн хөдөлгөөн нээгдээд ирэхээр хэвийн үргэлжилж байна. Тиймээс батлагдсан төсвийн хуулийн хүрээнд хэвийн явуулж байгаа учраас тодотгол ярих эрт байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ хийсэн олон компани төрөөс мөнгөө авч чадахгүй байна. Энэ хүмүүсийн мөнгийг нь хэзээ өгөх вэ?

-2020 гүйцэтгэлээр 180 орчим тэрбум төгрөгийн төсвийн гүйцэтгэл тасалдсан байсныг зохицуулалт хийж,  2021, 2022 оны төсвийн тухай хуульд шингээх замаар зохицуулаад явна. Нийслэлийн орон сууцны корпораци хооронд явагдсан хүүгийн хөнгөлөлтүүдийг өгөх ёстой байсан ч өнгөрсөн жил гаргаж өгөөгүй, хариуцлага алдсан. Төсвөөс өгөх боломжгүй учраас НОК өөрсдөө шийдэх ёстой.

-Энэ зээлийг бүх банкаар дамжуулах уу

Бүх банкаар дамжуулах боломжтой.

-Яг ямар иргэдэд зээл өгөх вэ. Иргэд зээлээ авахдаа тавигдах шаардлага нь хэт өндөр байх уу. Давхар зээлтэй байж болох уу?

Иргэдийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар л хязгаарлагдана. Ажил олгодог, хоёр хүн цалинжуулдаг, бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.

-Эдийн засаг хүнд, ААН-үүд хаалгаа бариад байхад төсвийн мөнгөөр үр ашиггүй зарцуулалтууд байгаад байдаг. Ирэх жилүүдэд төсвийн мөнгөний зарцуулалт хэрхэн анхаарч байна вэ?

-2020 оны төсөвт Төв банкны ажилтнуудын амралтын өрөөг тохижуулах талаар суулгасан байсан ч цуцалсан.

Эх сурвалж: https://news.mn/