Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2021.03.04/ уулзлаа.
Тэрээр “Өнөөдрийн уулзалтаар миний хувьд банкууд бизнес эрхлэгчдэд хатуу шаардлага тавихгүй байгаач гэсэн хүсэлт та бүхэнд тавих гэж байлаа. Гэтэл эсрэгээрээ банкны салбар маань зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах санал тавьж байгаад баяртай байна. Тиймээс бид энэ асуудлыг эргэж харъя.
Хүнд суртал гаргахгүй байх бүх боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргахад нээлттэй. Ажлын хэсэг байгуулъя. Хяналт шалгалтыг багасгахад анхаарна.
Та бүхний санал болгож буй цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар ХЗДХ-ийн сайдтай хамтран ажиллаж, долоо хоногийн дотор шийдэл гаргая. Банкны салбарын цахимжуулах төсөл маш амжилттай хийгдсэнд талархаж байна. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ч энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа.
Гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад үйлчилгээг цахимжуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Мөн та бүхний санал тавьж буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгаж магадгүй.
Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Эрсдэлтэй ч бид хүн амын эрүүл мэндээ, эдийн засгаа дэмжихийн тулд хөл хориог сулруулсан. Тавдугаар сараас хилээ нээхээ зарлачихлаа.
Шаардлага гарсан тохиолдолд аливаа үйл ажиллагааг гэнэт зогсоож, хөл хорио тогтоохгүй. Хамгийн багадаа 14 хоногийн өмнө зарлана. Энэ хооронд төр, хувийн хэвшил гэхгүй бэлтгэл хангах ёстойг бид ойлгож, харж авсан. Тиймээс одоо эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна” гэлээ.
Эх сурвалж: https://mass.mn/