Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”, Ипотекийн зээл болон Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй хүргэх ажлыг Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр хариуцаж олгохоор болсон. Арилжааны банкууд “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг авч эхлээд байна.

Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулан ажлын байрыг хадгалахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкин дахь эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор олгох юм. Нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ 500 сая хүртэлх төгрөг байх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах боломжтой.