Уртын сайхан дуунуудыг уран тансгаар амилуулж, түмэн олны хайр хүндлэлийн эзэд болцгоосон МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Төрийн дээд одон медиалаар шагнуулжээ. Тодруулбал Д.Жавхаасайхан 02 дугаар сарын 10-нд буюу сар шинийн баярын битүүний урд өдөр “Алтан гадас” одонгоор, Д.Үүрийнтуяа 02 дугаар сарын 22-нд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулж төрдөө үнсүүлж, түмэн олныхоо хайр хишгийг хүртжээ.

Гэр бүлийн уран бүтээлчид гэдгээрээ онцлог МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар нь 2012 оноос эхлэн хамтарч уран бүтээл хийж эхлүүлсэн бөгөөд үндэсний өв соёл болох уртын болон ардын дуунуудыг орчин цагийн хөгжмийн найруулгатай дуулдгаараа онцлог. Тэрбээр хамтран 3 цомог гаргасан бөгөөд 4 удаагийн бүрэн хэмжээний тоглолт хийсэн байдаг бөгөөд сүүлийн тоглолтоо Ардын дуучин МУСТА Б.Алтанжаргалтай хамтран мюзикл хэлбэрээр хийсэн нь олны талархлыг хүлээсэн.

Ийнхүү төрдөө үнсүүлж, түмэн олныхоо хайр хишгийг хүртсэн эрхэм уран бүтээлчид өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түмэн олондоо талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд ээлжит шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байгаагаа ч мөн дуулгасан. Энэ дашрамд үндэсний өв соёл болох уртын болон ардын сайхан дуунуудаар түмэн олноо баясгаж явдаг уран бүтээлчиддээ баяр хүргэж сайн сайхныг хүсье.