Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлд идэвхийлэн ажилладаг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 21 аймаг, 9 дүүргийн салбар хороодын 2021 оны ээлжит 3-р хурал өнгөрөгч амралтын өдөр боллоо /2021.02.20/. Хуралдааныг ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нээж, хэлэлцэн батлах асуудлыг танилцууллаа.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос 2021 оны 01 сарын 21-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нарт албан хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтэд 2019 оны 06-р сарын 06-ны өдөр батлагдсан “ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн 18-р зүйлийн 18.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ”, мөн тус хуулийг дагалдан гарсан Монгол улсын засгийн газрын 2020 оны 3-р сарын 25-ны өдрийн 113-р тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6-р зүйлийн 6.3, 6.4 дэх заалтуудыг үндэслэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын төлөөллийг тус аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд оруулж хамтран ажиллахыг хүссэн.
Албан хүсэлтийн үр дүнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 21 аймаг дахь салбар хороодын 80 хувь нь харьяа аймгийнхаа “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд орсон байгааг Холбооны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн онцоллоо.
Ингэснээр орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээл жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу, төсөл сонгон шалгаруулалт ямар журмаар явагдаж байгаа зэрэгт хяналт тавих боломж бүрдэж байна.
Өнгөрөгч 3 жилийн хугацаанд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах зээлийн хороонд төлөөлөл болон оролцож төсөл сонгон шалгаруулалтын явцад хяналт тавьж, олон нийтийн нүд, чих болон ажиллаж байгаа юм.
Ч.ДАВААБАЯР: Төрөөс Эдийн засгаа сэргээх, Ажлын байраа хадгалахад зориулж ЖДҮ салбарт олгох 2 их наяд төгрөгийн зээл банкуудаар дамжин олгогдох шийдвэр гарлаа. Та бүхэн аймаг бүртээ идэвхитэй байж орон нутгийн бизнес эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг авах хэрэгтэй. Одоо эхнээсээ та нараас асууж, сураад эхэлсэн байгаа.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны салбар хороод орон нутгийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд 80 хувь орсон өндөр үр дүнтэй байгаа.
Бидэнд өмнөх гашуун туршлагууд байгаа. Та бүхэн хяналтаа сайжруулж ажиллах нь чухал байна.Төрөөс жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэгийг УИХ болон Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө хувийн компани болоод ах дүү, хамаатан садандаа хуваан ашиглаж, баялаг бүтээгчдийн боломжуудыг хулгайлж байсныг манай ард түмэн мартаагүй. Тиймээс та бүхэн аймаг бүртээ маш хянамгай ажиллах үлдлээ. Монгол улсын Засгийн газраас олгож байгаа энэ боломж дэмжлэгийг Монгол улсын иргэд Үндсэн хуулиараа бүгд тэгш хүртэх эрхтэй.
Мөн өнөөдрийн хуралдаанаар засгийн газраас Эдийн засгаа сэргээх, Ажлын байраа хадгалахад зориулж байгаа санхүүжилт, дэмжлэг болж буй ЖДҮ салбарт олгох 2 их наяд төгрөгийн зээл олгох нөхцөл шаардлага нь бичил, жижиг бизнес эрхлэгчдэд боломж олгож чадах эсэхэд Орон нутгийн баялаг бүтээгчдийн саналыг тусгах, төсөл сонгон шалгаруулалтын явцад хяналт тавьж ажиллах талаар хэлэлцэв. Уг асуудал дээр Орон нутгийн дарга нар санал солилцлоо.
Дашрамд дурьдахад “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -нь засгийн газраас Эдийн засгаа сэргээх, Ажлын байраа хадгалахад зориулж байгаа санхүүжилт, дэмжлэг олгож буй ЖДҮ -2 ихнаяд төгрөгийн зээлийн талаар CLUBHOUSE-аар дамжуулан олон нийтэд мэдээлж, ЖДҮ-2 ИХНАЯД цуврал хэлэлцүүлгүүдийг ч мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсаар байна.