Өнгөрөгч оны 9 дүгээр сард уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2 жилийн хугацаатай репо арилжааг зарласан. Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосон.

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.

Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь дээр дурдсан харилцагч банкиндаа хүсэлт гаргах, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалыг эндээс үзнэ үү.